LME дэх цайрын нөөц сүүлийн нэг жилийн турш үндсэндээ хамгийн бага түвшинд байлаа. Биржид бүртгэлтэй нөөц 100,525 тонн байгаа ч үүний гуравны нэг нь агуулахаас гаргахаар хүлэгдэж буй, цуцлагдсан баталгааны (cancelled warrants) хэлбэрээр байна.
Үүнийг дагаад хугацаат хэлцлийн зөрүү (time-spreads) ч мөн нэмэгдсээр байна. Цайрын спот үнэ нь гурван сарын хугацаатай металлын үнээс өнгөрсөн долоо хоногт тонн тутамд 230 ам.доллароор давж гарсан байна. Энэ зөрүү бага зэрэг буурч, тонн тутамд 139 ам.доллар болсон ч нийлүүлэлтийн хомсдол гүнүгийрсээр байна.
Өнгөрсөн жил дэлхийн цайрын уурхайнууд олборлолтоо 4.8%-иар өсгөж, гурван жил дараалан үйлдвэрлэл буураад байсан үеийг зогсоож чадсан юм.
Олон улсын тугалга, цайрын судалгааны бүлэг (ILZSG) 4-р сард уулзахдаа, энэ оны өсөлтийн хурд 0.3% хүртэл саарах ч өмнөх жилийн өсөлтийн эрч тодорхой хэмжээгээр хадгалагдана гэж тооцоолж байв. Гэвч бодит байдал дээр, ILZSG-ийн хамгийн сүүлийн үнэлгээгээр 2026 оны эхний хагаст олборлолт жилийн өмнөхөөс 2.6%-иар агшсан байна.
ILZSG-ийн мэдээгээр, 2015-2025 оны хооронд дэлхийн уурхайн үйлдвэрлэл 8.6%-иар буурсан байна. Тэгвэл хайлуулах үйлдвэрийн гарц энэ хугацаанд бараг өөрчлөгдөөгүй байна.
Уурхайн олборлолт болон хайлуулах үйлдвэрийн хүчин чадлын хоорондын зөрүү дахин томорч байгаа нь баяжмал олж авахын төлөөх хайлуулах үйлдвэрүүдийн ширүүн өрсөлдөөнийг бий болгож байна.
Үүний үр дүнд хайлуулах үйлдвэрүүд баяжмалыг цэвэршүүлсэн металл болгон хувиргахдаа авдаг боловсруулалтын төлбөр (TC) огцом унажээ.
Шанхайн Металлын зах зээлийн (SMM) үнэлгээгээр, цайрын баяжмалын импортын спот боловсруулалтын төлбөр өнгөрсөн сард хасах (-) 113 ам.доллар болж, түүхэн доод түвшиндээ хүрлээ.
Хятадын цайрын баяжмалын импорт 2025 онд жилийн өмнөхөөс 30%-иар өсчээ.
LZSG-ийн мэдээлснээр, 2026 оны эхний хагаст Хятадын цэвэршүүлсэн цайрын үндэсний үйлдвэрлэл жилийн өмнөхөөс 5.9%-иар өссөн бол дэлхийн бусад орны үйлдвэрлэл 3.4%-иар агшсан байна.



