Сингапурт төвтэй, BHP-д бараг 30 жил ажилласан Удд нь компанийн гол түүхий эдийн борлуулалт, маркетингийг хариуцаж, төрийн өмчит China Mineral Resources Group (CMRG)-тэй хийж буй хэлэлцээрүүдийг удирдаж ирсэн юм.
BHP-ийн гүйцэтгэх захирал Брэндон Крэйг LinkedIn-д нийтэлсэн мэдээлэлдээ Удд компаниас гадуур шинэ боломжийг сонгон явахаар болсныг мэдэгдсэн ч дараагийн ажлынх нь талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
“Цаашид юу болохыг тэсэн ядан хүлээж байна. Та бүхэнтэй холбоотой хэвээр байхыг хүсэж байна” хэмээн Удд хэлжээ.
Түүний ажлаас гаралт нь Крэйг долдугаар сард BHP-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд очсоноос хойших хамгийн өндөр түвшний удирдлагын өөрчлөлт болж байна. Шинжээчид компанийн удирдлагын шинэчлэлийн хүрээнд цаашид ч нэр хүндтэй хэд хэдэн удирдах албан тушаалтан ажлаа орхиж болзошгүй гэж үзэж байна. Уддийг зарим шинжээч, хөрөнгө оруулагчид BHP-ийн дараагийн гүйцэтгэх захирал болох боломжтой нэр дэвшигчдийн нэгээр тооцож байсан юм.
Уддыг орлох хүнийг томилох асуудал нь BHP-ийн хамгийн эмзэг арилжааны харилцааны нэг болох Хятадтай хийж буй төмрийн хүдрийн хэлэлцээрийг Крэйгийн анхаарлын төвд авчирч байна.
Хятадын төрийн өмчит худалдан авагч CMRG нь тус улсын ган үйлдвэрлэгчдийн өмнөөс асар их худалдан авах хүчин чадлаа ашиглан төмрийн хүдрийн илүү таатай нөхцөл бүрдүүлэхийг BHP болон бусад үйлдвэрлэгчдээс шаардаж байна.
Тус улсын төрийн худалдан авагч өнгөрсөн оноос BHP болон бусад төмрийн хүдрийн үйлдвэрлэгчдэд үзүүлэх шахалтаа нэмэгдүүлсэн. Үүний улмаас зарим BHP бүтээгдэхүүнийг гангийн үйлдвэрүүд худалдан авахыг хориглосон бөгөөд талууд дөрөвдүгээр сард тохиролцоонд хүрсний дараа уг хориг цуцлагдсан юм.
Төмрийн хүдрийн үйлдвэрлэгчид цаашид хэлэлцээрүүд илүү төвөгтэй болно гэж үзэж байгаа тул Уддын залгамжлагчийг сонгох нь Крэйгийн хувьд нэн тэргүүний асуудлын нэг болж байна.
Удд 2024 онд BHP-ийн арилжааны асуудал хариуцсан захирлаар томилогдохоосоо өмнө 2020 оноос Америк тив дэх компанийн үйл ажиллагааг удирдаж байжээ. Тэрээр 1997 онд BHP-д уул уурхайн инженерээр ажиллаж эхэлсэн бөгөөд түүнээс хойш компанийн дэлхийн хэмжээнд хэрэгжүүлдэг олон үйл ажиллагаанд удирдах албан тушаал хашсан байна.
Америк тив дэх үйл ажиллагааг хариуцаж байх хугацаандаа тэрээр Канад дахь Jansen калийн бордооны төслийн хөгжүүлэлтийг удирдсан бөгөөд уг төсөл ирэх оны дунд үеэс олборлолтоо эхлүүлэхээр төлөвлөж байна.
Удд мөн BHP-ийн Чили дэх зэсийн бизнест хийсэн томоохон хөрөнгө оруулалтууд, тэр дундаа Spence уурхайн өргөтгөл болон дэлхийн хамгийн том зэсийн уурхай болох Escondida-гийн үйл ажиллагаанд хяналт тавьж байжээ.
Ийнхүү Удд BHP-ийн өсөлт, орлогын гол тулгуур болсон төмрийн хүдэр, зэс, калийн бордоо гэсэн гурван чухал түүхий эдийн чиглэлд өндөр түвшний удирдах албан тушаал хашсан туршлагатайгаар компаниас явж байна.
“Рагийн аливааг сониучирхан судалж, бидний бодол санааг сорьж чаддаг зан чанарыг би үргэлж үнэлдэг байсан. Тэрээр ардаа хүчирхэг баг болон манай бизнест үлдэх томоохон өвийг үлдээж байна” хэмээн Крэйг бичжээ.



