“Tamboran Resources” компани болон түүний түнш, АНУ-ын Техаст төвтэй “Formentera Partners” компанийн охин компани хамтран элсэн цөл дэх, алслагдсан Daly Waters хотоос машинаар нэг цаг орчим явах зайд орших Shenandoah төслөөс 600 гаруй км зайд орших Хойд нутаг дэвсгэрийн нийслэл рүү хийг дамжуулжээ.
Эхний шатанд хийн урсгал өдөрт дунджаар 40 теражоуль (37 сая куб фут) байх төлөвтэй байгаа бөгөөд энэ нь цахилгаан эрчим хүчний сүлжээг тэжээхийн зэрэгцээ Бийталу төслийг хөгжүүлэгчдэд хийн худгийн шавхагдах хурд буюу олборлолтын бууралтын түвшинг тодорхойлох боломжийг олгох юм.
Энэхүү мэдээлэлд үндэслэн тэд АНУ-ын занарын салбарын жишгийг дагаж, дэлхийн хоёр дахь том шингэрүүлсэн байгалийн хий экспортлогч тус улсын хийн экспортын хүчин чадлыг нэмэгдүүлэх, эсвэл аварга том дата төвүүдийг эрчим хүчээр хангах хөгжлийн төлөвлөгөөг боловсруулахад бодитой дэмжлэг үзүүлнэ гэж үзэж байна.
Хойд нутаг дэвсгэрийн Ерөнхий сайд Lia Finocchiaro холбооны засгийн газрын нөөцийн сайд Madeleine King нар хамт хийн худгийн амны хавхлагыг нээх үеэр “Энэ нь манай улс нийлүүлэлтийн аюулгүй байдлаа хангаж чадсаныг илтгэж байна. Мөн зардал улам бүр өсөхөөс сэргийлж, эрчим хүч үйлдвэрлэх шугам сүлжээний үйл ажиллагаагаа аль болох үр ашигтай ажиллуулахад анхаарлаа хандуулах боломжийг олгож байна” гэж мэдэгдсэн байна.
Гэхдээ тус төсөлд олон тэрбум долларын хөрөнгө оруулалт бүхий дамжуулах хоолойн хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагаас гадна улс төрийн цөөнгүй саад бэрхшээл тулгарч байна. Тухайлбал, Австралийн шинэ бодлогын дагуу дата төвүүдийг голчлон сэргээгдэх эрчим хүчээр хангах ёстой бөгөөд шингэрүүлсэн байгалийн хийн төслүүд олборлосон хийнийхээ 20 хувийг дотоодын зах зээлд нөөцлөх үүрэг хүлээж байгаа юм.
АНУ-ын занарын салбарт олон жил ажилласан туршлагатай, "Tamboran" компанийн Гүйцэтгэх захирал Todd Abbott хэлэхдээ, тус компани эхний ээлжинд хийг Дарвин хот руу илгээхэд анхаарч, дараа нь өргөтгөл хийхээс өмнө "шийдвэрлэх шаардлагатай зарим техникийн болон зохицуулалтын асуудлууд" байгааг дурджээ.
Найман жилийн өмнө тус бүс нутагт хий олборлохыг хориглосон шийдвэрийг цуцалснаас хойш АНУ-ын дэмжлэгтэй жижиг компаниуд энд өрөмдлөг хийсээр ирсэн юм.
Саяхнаас Японы аварга том "Inpex" корпораци "Formentera" компанийн ойролцоох өргөн уудам талбайд хувь эзэмших болсон. Шинжээчид үүнийг өргөн хүрээний бүтээн байгуулалтад шаардлагатай хөрөнгийг шийдэж чадах хөрөнгөтэй түнш орж ирсэн чухал дэмжлэг гэж үзэж байна.



