Гвиней улсад хэрэгжиж буй Симанду (Simandou) төсөл ашиглалтад орсноор тус улсын төмрийн хүдрийн олборлолтын өсөлт нь дэлхийн хэмжээний өсөлтийг жолоодох гол хүчин зүйл болох төлөвтэй байна.
Гэвч улс төр, нийгмийн тогтворгүй байдал, түүнчлэн баялгийн үндсэрхэг үзэл зэрэг нь тус салбарт нөлөөлж байгаа тул төслийн хөгжүүлэлтийн явцад саатал гарч болзошгүй гэж BMI үзэж байна.
Дунд болон урт хугацаанд, төмрийн хүдрийн үнэ буурснаар олборлолт зогсонги байдалд орж, улмаар 2032-2034 оны хооронд бууралт ажиглагдана гэж BMI таамаглаж байна.
Австралийн төмрийн хүдрийн олборлолт энэ онд өсөх бөгөөд үүнд ордуудын өргөтгөл, жижиг төслүүдийн олборлолт эхэлсэн явдал, тэр дундаа Mineral Resources компанийн Onslow Iron болон Fortescue компанийн Iron Bridge төслүүдийн үйлдвэрлэл нэмэгдсэн нь нөлөөлнө гэж BMI үзэж байна.
Австрали улс дэлхийн төмрийн хүдрийг хамгийн бага зардлаар олборлодог нь таамаглаж буй хугацаанд үнийн уналтын эсрэг хамгаалалт (буфер) болно гэж тус байгууллага үзэж байна.
Төмрийн хүдрийн үнэ урт хугацаанд сул байх орчинд олборлогчдын гол анхаарал нь зардлын хувьд өрсөлдөх чадвараа хадгалахад чиглэх тул томоохон тоглогчид зардлаа үргэлжлүүлэн бууруулж, олборлолтоо нэмэгдүүлэх төлөвтэй байна. Мөн тэргүүлэгч компаниуд давуу талаа хадгалахын тулд технологид хөрөнгө оруулалт хийж байгааг BMI онцоллоо.
Ирэх жилүүдэд Rio Tinto, BHP болон Fortescue компаниуд Австралийн төмрийн хүдрийн олборлолтыг тодорхойлно гэж үзэж байна.
Бразилын төмрийн хүдрийн олборлолтын өсөлт 2019-2020 оны хооронд буурсан хэдий ч ирэх жилүүдэд сэргэх төлөвтэй байна.
BMI-ийн таамаглаж байгаагаар Бразилын дотоодын төмрийн хүдрийн олборлолт 2026-2030 оны хооронд жилд дунджаар 3.6%-иар өсөж, 2029 он гэхэд 504.6 сая тонноос 576.2 сая тоннд хүрч өсөх аж.
Тус улсын Vale компани нь энэхүү өсөлтийг тэргүүлж ажиллахаар байгаа бөгөөд Бразилын өндөр чанартай төмрийн хүдэр нь гарцыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулна гэж үзэж байна.
Төлөвлөлтийн шатандаа байгаа хэд хэдэн шинэ төслүүд ашиглалтад орж, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлснээр Бразилын урт хугацааны өсөлтийн төлөвийг BMI эерэгээр харж байна.
Тус байгууллага 2031-2035 оны хооронд жилийн дундаж өсөлтийг 2% байхаар таамаглаж байгаа бөгөөд ингэснээр жилийн гарц 2035 он гэхэд 636 сая тоннд хүрэх юм.
Хятад улс төмрийн хүдрийн хайгуулын төслүүдийн бүтээн байгуулалтыг түргэсгэх, төмрийн хүдрийн нийлүүлэлтийг хангах чадвараа сайжруулахыг зорьж байгаа тул тус улсын төмрийн хүдрийн олборлолт энэ онд өмнөх оныхоос 1%-иар өсөх төлөвтэй байна.
Энэтхэгийн төмрийн хүдрийн олборлолт энэ онд өмнөх оныхоос 2%-иар өсөж, 290 сая тоннд хүрэх төлөвтэй байна.
Энэ оноос цааш BMI өсөлтийн тогтвортой хурдац ажиглагдаж, төмрийн хүдрийн олборлолт 2034 он гэхэд 375 сая тоннд хүрч өснө гэж таамаглаж байна.
Энэтхэгийн төрийн өмчит төмрийн хүдэр олборлогч “Үндэсний ашигт малтмалын хөгжлийн корпораци” (National Mineral Development Corporation) нь тус улсын олборлолтын өсөлтийг хангана гэж тус байгууллага үзэж байна.
ОХУ-ын төмрийн хүдрийн олборлолт өмнөх оныхоос 1.5%-иар өснө гэж BMI таамаглаж байна. Тухайлбал, Severstal компанийн Яковлевскийн уурхай, Evraz компанийн Собственно-Качканарское уурхай болон NLMK компанийн Стойленскийн төслийн үйлдвэрлэлийн хүчин чадлын өргөтгөлүүдийн үр дүнгээр олборлолт тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ гэж тус байгууллага үзэж байна.



