АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын өнгөрсөн баасан гарагт зарлаж, Венесуэлийн Ерөнхийлөгчийн үүргийг түр гүйцэтгэгч Делси Родригесийн баталсан энэхүү гэрээ нь Вашингтоны хяналтад 65 тэрбум баррель олборлох боломжтой газрын тосыг шилжүүлэх бөгөөд энэ нь АНУ-ын батлагдсан газрын тосны нийт нөөцөөс (46 тэрбум баррель) хол давсан үзүүлэлт юм.
Энэхүү хэлэлцээр нь өрсөлдөөнт сонгон шалгаруулалтаар явагдаагүй бөгөөд хэлэлцээний явц өнгөрсөн долоо хоног хүртэл нууц байв. Түүнчлэн, Венесуэлийн үндсэн хуульд өргөн хүрээний шинэчлэл хийгдэж, олон арван хамтарсан үйлдвэр, гэрээнүүд шинэ нөхцөл рүү шилжих үйл явц явагдаж байна.
Ерөнхийлөгч Трамп өнгөрсөн долоо хоногт олон нийтийн сүлжээнд уг гэрээг "хувийн хэвшлийнхэнтэй хийх түншлэл" байх болно гэж мэдэгдсэн ч АНУ-ын зүгээс өөрийн нэрийн өмнөөс газрын тосны ордуудыг ажиллуулахаар аль компаниуд дараалалд байгааг одоогоор ил болгоогүй байна.
Венесуэлийн Ерөнхийлөгчийн үүргийг түр гүйцэтгэгч Родригесийн хэлснээр, уг гэрээ нь ОПЕК-ийн гишүүн тус улсын холбогдох хуулийн дагуу хамгийн багадаа 25 жил үргэлжлэх бөгөөд 100 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт, 209.3 тэрбум ам.долларын роялти болон татварын орлого бүрдүүлнэ. Ингэснээр олборлосон баррель тутам тутмаас Венесуэлийн талд 19 орчим ам.доллар үлдэх юм.
Шинжээчид уг гэрээний хууль ёсны байдалд эргэлзэж байна. Учир нь Венесуэл биш, харин АНУ ордуудыг ажиллуулах загвар болон компаниудыг сонгохоор заажээ.
Венесуэлийн Төв Их Сургуулийн хуулийн факультетын дарга Хуан Карлос Апитц "АНУ албан ёсоор хүлээн зөвшөөрсөн хэдий ч энэхүү хэлэлцээрийг ирээдүйд шүүхэд шилжүүлэх боломжтой" гэж мэдэгдэв.
Ил болсон мэдээллээс үзвэл, 65 тэрбум баррель газрын тосыг 17 ордоос олборлох бөгөөд нөөцийн ихэнх хэсэг нь Венесуэлийн олборлолтын гол бүс болох Оринокогийн бүсийн 8 том блокт, харин үлдсэн хэсэг нь Маракайбо нуурын орчимд байрлаж байна.
Эдгээр бүсүүд нь АНУ-д шинэ болон хуучин ордуудын хослолыг санал болгож байгаа юм. Энэхүү түншлэлд АНУ 55%-ийн оролцоотой байхаар төлөвлөж байгаа нь АНУ руу тээвэрлэх Венесуэлийн газрын тосны хэмжээг улам нэмэгдүүлнэ (одоогоор нийт экспортын 60 орчим хувийг эзэлж байна).
Ирантай үүсээд буй мөргөлдөөний улмаас шатахууны үнэ өсөж, улс төрийн дарамттай тулгараад байгаа Трамп ням гарагт хэлэхдээ, Венесуэлийн газрын тос нь АНУ-ын Стратегийн газрын тосны нөөцийг нөхөхөд тусална гэжээ. Тус нөөц энэ сард 290 сая баррель болж буурсан нь сүүлийн 44 жилийн хамгийн бага түвшинд дөхөж очсон үзүүлэлт юм.
