Уг нөөц хөрөнгө нь Glencore-ийн Radiant World компаниас авах ёстой авлагыг бүхэлд нь хааж байгаа тухай эх сурвалжууд дурдсан байна.
“Financial Times” сонинд Бямба гарагт мэдээлснээр, Radiant World компани нь Glencore-д нийт 951 сая ам.долларын өртэй бол Glencore нь Radiant World-д 471 сая ам.долларын өр төлбөртэй байгаа аж.
Дэлхийн хамгийн том уул уурхай, түүхий эдийн арилжааны компаниудын нэг болох Glencore энэ сарын эхээр Radiant World-д үүссэн эрсдэлийн хэмжээ нь "480 сая ам.доллароос хамаагүй доогуур" байгаа бөгөөд энэ нь материаллаг гэж тодорхойлох босго хэмжээнд хүрэхгүй гэж мэдэгдэж байсан юм. Гүйцэтгэх захирал Гари Нагл орлогын тайлангийн үеэр хөрөнгө оруулагчдад хандаж хэлэхдээ, Glencore шинээр бизнес хийхээ зогсоож, Radiant World-той байгуулсан үлдсэн гэрээнүүдээсээ гарахаар ажиллаж байгаа бөгөөд тодорхой тоо дурдалгүйгээр тус компанид үүссэн эрсдэлд зориулж нөөц хөрөнгө гаргасан гэж мэдэгдэж байв.
Glencore нь Radiant World компанийг анх жижиг компани байхаас нь эхлэн дэлхийн шилдэг төмрийн хүдрийн арилжаа эрхлэгчдийн нэг болон томортол нь гол дэмжигч нь байж ирсэн. Glencore нь Radiant World-ийн олон арилжаанд гол түншээр оролцож, олон зуун саяар хэмжигдэх их хэмжээний санхүүгийн эрсдэлийг тогтмол үүрч ирсэн байна.
Хэдийгээр энэхүү хохирол нь Glencore-ийн “материаллаг” гэж үзэх босго хэмжээнээс доогуур байгаа ч 480 сая ам.долларын алдагдал нь тус компанийн хувьд, тэр дундаа гангийн түүхий эд төмрийн хүдрийн салбарын хувьд хүнд цохилт болж байна. Энэ нь тус компанийн металл болон ашигт малтмалын арилжааны салбарын сүүлийн арван жилийн дундаж жилийн хүү, татварын өмнөх ашгийн дөрвний нэг орчимтой тэнцэж байгаа юм. Уг салбарт төмрийн хүдрийн арилжаа нь зэс зэрэг бусад металлын дэргэд харьцангуй бага хувийг эзэлдэг.
Бямба гарагт Financial Times сонинд мэдээлснээр, Radiant World компани хоёр компанийн хоорондох санхүүгийн үүрэг хариуцлагын маргааны улмаас Glencore-д хуулийн дагуу арга хэмжээ авна гэж заналхийлсэн захидал илгээжээ. Тус захидалд хоёр компанийн харилцаа нь зөвхөн түншлэлийн харилцаанаас хальсан байсан гэж дурдсан байна.
Энэ оны Долоодугаар сарын сүүлээр Bloomberg сувгийн зүгээс мэдээлэхдээ, түүхий эдийн хэд хэдэн томоохон арилжаа эрхлэгчид Radiant World-ийг банкуудад хуурамч баримт бичиг гаргаж өгсөн гэх сэрдлэгэ, болгоомжлолын улмаас харилцаа холбоогоо тасалж эхэлсэн байна. Radiant World-д зээл олгосон таван банкинд тус компанийн зарим нэхэмжлэхүүд хуурамч болохыг анхааруулсан байна. Зарим банкууд тус компанийн дансыг царцааж, зээлийн шугамыг зогсоосон бол уул уурхайн томоохон компаниуд болон Хятадын худалдан авагчид бизнесээ татан авчээ.
АНУ-ын Хууль зүйн яам болон Сингапурын цагдаагийн газар зэрэг хууль сахиулах байгууллагууд үүнийг шалгаж байна. АНУ-ын Хууль зүйн яамнаас Radiant World-ийн асуудлаар холбоо барьсан компаниудын дунд Glencore багтаж байгааг Bloomberg өмнө нь мэдээлж байсан.
Нөхцөл байдал хүндрэхээс өмнө Glencore компани хэдэн сарын турш болзошгүй алдагдлаа бууруулахаар ажиллаж байсныг Bloomberg онцолсон байна. Glencore-д ойр эх сурвалжийн мэдээлснээр, тус компани энэ долоо хоногийн эхээр Radiant World-той хийх бүх бизнесээ бүрэн зогсоосон гэжээ.



