Хоёрдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп $12 тэрбумын санхүүжилттэй, чухал ашигт малтмалын стратегийн нөөц бүрдүүлэх “Project Vault” хөтөлбөрийг эхлүүлснээ зарласан. Энэхүү хөтөлбөр нь Хятадын металлаас хараат байдлыг бууруулах хүчин чармайлтаа эрчимжүүлж буй АНУ-ын үйлдвэрлэгчдийг нийлүүлэлтийн тасалдлаас хамгаалах зорилготой.
Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш АНУ-ын засаг захиргаа олон улсын хэдэн арван хамтын ажиллагааны хүрээ болон төслийн гэрээг байгуулж, баталсан байна. Fastmarkets-ийн мэдээлснээр, 2025 оны нэгдүгээр сараас хойш чухал ашигт малтмалтай холбоотой нийтдээ ойролцоогоор 160 хэлцэл хийгдсэн бөгөөд нийт үнэ цэнэ нь $40 тэрбумд хүрчээ.
Хьюстонд төвтэй Baker Botts хуулийн фирмийн хуульч Ребекка Сайдл Инглсби MINING.com-д хэлэхдээ, төрийн оролцоо өмнө нь голчлон арилжааны хөрөнгө оруулагчдын ашигладаг байсан хэлбэрүүд рүү шилжиж байгааг онцолжээ. Үүнд хувь эзэмших, үнийн доод түвшин тогтоох, урт хугацааны борлуулалтын гэрээ (offtake agreement) байгуулах зэрэг багтаж байна.
“Засгийн газар зөвхөн зээлдүүлэгчийн үүрэг гүйцэтгэхээ больсон. Тэд төслүүдийн ‘хэлцлийн оролцогч’ болж байна.”
Энэ өөрчлөлт нь уул уурхайн салбарын санхүүжилтийн орчныг эрс өөрчилж байна. Ялангуяа түүхий эдийн үнийн хэлбэлзэл, төслийг хөгжүүлэх урт хугацаа, аль хэдийн тогтсон нийлүүлэлтийн сүлжээнүүдийн өрсөлдөөнөөс шалтгаалан уламжлалт хөрөнгө оруулалтыг татахад хүндрэлтэй байдаг чухал ашигт малтмалын төслүүдэд энэ нь илүү тод ажиглагдаж байна.
АНУ-д холбооны засгийн газрын дэмжлэг өмнө нь голчлон зээл болон бусад санхүүгийн баталгаагаар хязгаарлагддаг байсан бол одоо төрийн болон хувийн хөрөнгийг хослуулсан санхүүжилтийн загвар руу шилжиж байна гэж Инглсби тайлбарлав.
Түүний хэлснээр, санхүүжилтийн бүтэц нь EXIM-ийн зээл, DFC болон Эрчим хүчний яамны дэмжлэг, холбооны засгийн газрын шууд хувь оролцоо зэрэг төрийн эх үүсвэрийг хувийн хөрөнгө оруулагчдын хөрөнгөтэй зэрэгцүүлэн ашиглах хэлбэрт шилжжээ.
“Засгийн газар эдгээр хэлцлийг зүгээр нэг батлан даахаа больсон. Одоо өөрөө хэлцлийн нэг тал болж байна.”
Энэ хандлага АНУ-ын чухал ашигт малтмалын салбарт улам тодорхой болж байна. Вашингтон дотоодын олборлолт, боловсруулалт болон үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлж, Хятадаас хамааралтай байдлыг бууруулахын тулд хувь эзэмшил, зээл болон бусад санхүүгийн арга хэрэгслийг ашиглаж байна.
Мөн үнийн дэмжлэг төрийн бодлогын нэг хэрэгсэл болж эхэлжээ. АНУ-ын агентлагууд энэ оны эхээр чухал ашигт малтмалын үнийн доод түвшин тогтоох тогтолцоо боловсруулж, холбоотон орнуудтай энэ талаар хэлэлцэж эхэлсэн байна. Үүний зэрэгцээ Вашингтон урт хугацааны худалдан авалт болон стратегийн нөөц бүрдүүлэх хэлцлүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Инглсбигийн хэлснээр төрийн оролцооны өөрчлөлт нь зөвхөн илүү их хэмжээний төрийн санхүүжилт олгох асуудлаар хязгаарлагдахгүй.
“Засгийн газар зөвхөн зээлдүүлэгч байхаа больж, хувь эзэмшил авч, үнийн доод түвшин тогтоосноор зах зээлийн оролцогч болсон.”
Үүний зэрэгцээ Вашингтон хязгаарлагдмал нийлүүлэгчдээс материал худалдан авдаг батлан хамгаалахын гэрээт компаниудад тавих шаардлагыг чангатгаж байна.
Инглсби үүнийг:
“Нэг талд нь урамшуулал, нөгөө талд нь хязгаарлалт тавьсан энэ хослол нь бодит өөрчлөлт юм” хэмээн тодорхойлжээ.
Трампын засаг захиргаа чухал ашигт малтмалыг зөвхөн худалдаа, аж үйлдвэрийн бодлогын асуудал бус, үндэсний аюулгүй байдлын асуудал гэж улам бүр тодорхойлох болсон байна.
Түүний хэлснээр, одоо АНУ-ын Эрчим хүчний яам, Батлан хамгаалах яам, Худалдааны яам хэдхэн жилийн өмнө цэвэр арилжааны уул уурхайн хэлцэл гэж тооцогдож байсан төслүүдийн хэлэлцээрт тогтмол оролцдог болжээ.
Энэ өөрчлөлт нь АНУ болон түүний холбоотнууд батлан хамгаалах систем, хагас дамжуулагч, эрчим хүчний технологи болон дэвшилтэт үйлдвэрлэлд ашигладаг ашигт малтмалын Хятадаас хамааралгүй өөр нийлүүлэлтийн эх үүсвэр бий болгохоор өрсөлдөж буйтай холбоотой.
АНУ мөн үнийн механизмыг бий болгох чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг эрэлхийлж байна. Энэ оны эхээр тус улсын засаг захиргаа 55 орны төлөөлөгчийг чухал ашигт малтмалын дээд хэмжээний уулзалтад урьж, Хятадаас хамаарал багатай нийлүүлэлтийн сүлжээ байгуулахын тулд үнийн доод түвшин тогтоох болон хувийн хөрөнгө оруулалтын оролцоог нэмэгдүүлэхийг санал болгожээ.
Энэ хандлага зөвхөн АНУ-аар хязгаарлагдахгүй. Япон, Өмнөд Солонгос зэрэг орнууд ч уул уурхай болон ашигт малтмалын төслүүдэд шууд оролцож байна.
Инглсби төрийн шууд оролцооны өнөөгийн түвшнийг “урьд өмнө байгаагүй” гэж тодорхойлов.
Засгийн газруудын үүрэг өөрчлөгдөж буй энэ үед уул уурхайн санхүүжилтийн өөр нэг чухал чиг хандлага гарч байна. Төслийг хэрэгжүүлэгч компаниуд үйлдвэрлэлээ бүрэн хэмжээнд эхлүүлэхээсээ өмнө худалдан авагчдаа баталгаажуулах нь улам бүр чухал болжээ.
Инглсбигийн хэлснээр уул уурхайн M&A буюу компаниудын нэгдэх, худалдан авах хэлцлийн идэвх эрс нэмэгдэж, компаниуд төслийн хөгжлийн эхний шатанд урт хугацааны, заавал биелүүлэх offtake гэрээнүүдийг байгуулах болсон байна.
“Өнөөдрийн нөхцөлд энэ нь төслийг банкнаас санхүүжилт авах боломжтой болгодог зүйл юм.”
Энэ нь чухал ашигт малтмалын олон төсөлд тулгарч буй бэрхшээлийг харуулж байна. Ашигт малтмалын орд илрүүлэх нь зөвхөн нэг хэсэг бөгөөд хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулахаасаа өмнө төслийн бүтээгдэхүүн хэн рүү, ямар нөхцөлөөр борлуулагдах болон орлого хэрхэн бий болох тодорхой замтай гэдгийг харахыг хүсдэг.
Иймээс төрийн оролцоо төслүүдийн хэд хэдэн эрсдэлийг зэрэг бууруулах боломжтой. Хувь оролцоо болон зээл нь бүтээн байгуулалтын санхүүжилтийг, харин үнийн доод түвшин болон урт хугацааны худалдан авах гэрээ нь ирээдүйн орлогын тодорхой байдлыг хангаж чадна.
Гэхдээ холбооны засгийн газрын санхүүжилт нэмэгдсэн нь хөрөнгө авахад амар болсон гэсэн үг биш гэдгийг Инглсби онцолжээ.
“Огт тийм биш. Холбооны санхүүжилт хүссэн маш олон өргөдөл гаргагч байгаа бөгөөд тэдгээрийг үнэлэх төрийн нөөц, цаг хугацаа хязгаарлагдмал.”
Засгийн газрын оролцоо нэмэгдэж, хөрөнгийн эх үүсвэр олширсон ч шинэ уурхай, боловсруулах үйлдвэр, үйлдвэрлэлийн хүчин чадал бий болгоход шаардагдах бодит хугацааг бодлогоор богиносгох боломжгүй гэж Инглсби анхаарууллаа.
Энэ нь гадаадын нийлүүлэгчдээс хамааралтай байдлыг богино хугацаанд бууруулахыг зорьж буй бодлого боловсруулагчдын хувьд онцгой чухал асуудал юм.
АНУ-ын уул уурхай, боловсруулах үйлдвэрүүд улс орны стратегийн хэрэгцээг хангахад хараахан бэлэн биш байгаа гэх шүүмжлэлийн талаар тэрээр:
“Энэ бол бодлогыг шүүмжилж байгаа хэрэг биш, бодит нөхцөл байдлыг үнэн зөвөөр харж байгаа явдал. Энэ бол улс төрийн биш, физикийн асуудал.”
Мөн:
“Та 11 сарын дотор захиргааны тушаалаар соронзны үйлдвэр бий болгож чадахгүй.”
Түүний хэлснээр:
“Хөрөнгө байна, зорилго байна. Гэхдээ бодит боловсруулах хүчин чадлыг бий болгоход олон жил шаардлагатай.”
Эцсийн дүндээ энэхүү хязгаарлалт нь төрөөс дэмжсэн чухал ашигт малтмалын төслүүд хэр хурдан бодит үйлдвэрлэлд шилжихийг тодорхойлох гол хүчин зүйл болж магадгүй.
Гэхдээ уул уурхайн компаниудын хувьд санхүүжилтийн орчин аль хэдийн өөрчлөгджээ. Засгийн газрууд цаанаас нь хөрөнгө нийлүүлэгч байхаа больж, улам бүр хэлэлцээний ширээний нөгөө талд суух болж байна.



