Тус компаниас 8 дугаар сарын 25-ны өдөр гаргасан мэдэгдэлд “Энэ бол хариуцлагатай аж ахуйн нэгжийн хувьд авах ёстой хамгийн доод хэмжээний нөхөн төлбөр бөгөөд олон улсын эрх зүйн дэг журмын үндсэн стандартыг хамгаалахад нэн чухал алхам юм” гэжээ.
Энэхүү асуудал нь Их Британийн засгийн газар “British Steel” компанийг төрийн өмчид шилжүүлж, зөвхөн үндэсний эзэмшилтэй болгохтой холбоотой юм. Таван жилийн өмнө “British Steel” компани дампуурлын ирмэгт ирээд байх үед "Jingye" групп удирдлагыг нь авсан байна. Тэд нэг жилийн дотор тус компанийн дараалсан 9 жилийн алдагдлыг зогсоож чаджээ. Өнгөрсөн таван жилийн хугацаанд “Jingye” компани үйлдвэрлэлийн шугамыг шинэчлэх, өмнө нь гадны гүйцэтгэгчээр хийлгэдэг байсан үйл ажиллагааг дотооддоо буцаан авчрах, хайлуулах зуухнуудыг сэргээхэд асар их хөрөнгө оруулалт хийсэн байна.
Тус компани ид оргил үедээ 4,887 ажилчныг ажлын байраар хангаж, үйлдвэрлэлийн дээд болон доод шатанд (нийлүүлэлтийн сүлжээнд) 30,000 орчим ажлын байрыг дэмжиж байв. Мөн цалин болон тэтгэвэрт нийт 1.02 тэрбум фунт стерлинг, татварт 180 сая фунт стерлинг хуримтлуулж төлжээ.
Ковид-19 цар тахал, Брекзит (Brexit), Орос-Украины дайн болон эрчим хүчний хямралын тасралтгүй хүндрэлүүдийн хүнд хэцүү үед ч “Jingye” компани амлалтдаа үнэнч байж, “British Steel” болон Британийн нийгэм, эдийн засагт бодит үнэ цэнийг бүтээж ирсэн гэдгийг “Jingye” компани онцолж байна.
Гэвч Их Британийн засгийн газар энэ оны 7 дугаар сард “нийтийн ашиг сонирхлын” үүднээс онцгой байдлын хууль тогтоомж гаргаж, “Jingye” группийн Их Британи дахь хөрөнгийг төрийн өмчид бүрэн шилжүүлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл шударга нөхөн төлбөр олгоогүй байна.
“Jingye” компанийн хувьд улс орнуудын хууль ёсны дагуу үндэсний эрхээ хэрэгжүүлэхийг хүндэтгэдэг боловч Их Британийн засгийн газар урьдчилж зөвшилцөхгүйгээр, нөхөн төлбөр олгохгүйгээр онцгой байдлын хууль ашиглан хууль ёсны гадаадын хөрөнгө оруулалтыг төрийн өмчид авсан үйлдэл болон хураан авсан хөрөнгөд нөхөн төлбөр олгохгүй байгаа нь олон улсын эрх зүйн хэм хэмжээнд нийцэхгүй байгааг онцолжээ. Мөн Их Британийн засгийн газрын энэхүү үйлдэл нь олон улсын хөрөнгө оруулалтын харилцаанд байдаг суурь шударга ёс, харилцан итгэлцлийг алдагдуулж байна гэсэн байна.
Энэхүү практик нь Их Британийн хөрөнгө оруулалтын орчинд итгэх дэлхийн хөрөнгө оруулагчдын итгэлд урт хугацааны сөрөг нөлөө үзүүлж болзошгүйг “Jingye” компани анхааруулсан байна. Тус компани Их Британи дахь хууль ёсны хөрөнгө оруулалтын эрх ашгаа хамгаалахын тулд шаардлагатай бүхий л хууль эрх зүйн сувгийг ашиглаж байна.



