Fortescue шинэ мэдэгдэлдээ уг гомдлыг “туйлын ноцтойгоор авч үзэж байгаа” бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байх хугацаанд холбогдох албан тушаалтныг компанийн үйл ажиллагаанаас түр түдгэлзүүлсэн гэж мэдээлэв. Гэхдээ одоогоор ямар нэгэн дүгнэлт, буруутай нь тогтоогдсон шийдвэр гараагүй байна.
Компанийн зүгээс “Бэлгийн дарамт, хууль бус ялгаварлан гадуурхалт болон хүмүүсийг аюулгүй бус байдалд оруулдаг аливаа үйлдэл Fortescue-д байх ёсгүй” гэж Bloomberg-т мэдээлжээ.
Australian Financial Review-ийн мэдээлснээр MinterEllison шалгалтын тайлан, дүгнэлтээ хэзээ гаргах талаар тодорхой хугацаа өгөөгүй байна. Тайланг Fortescue-ийн ТУЗ-ийн гишүүдээс бүрдсэн дэд хороо хянах аж.
Үүнээс долоо хоногийн өмнө Fortescue мөрдөн шалгалт үргэлжилж байгаа хэдий ч уг ахлах удирдах албан тушаалтныг ажлаа үргэлжлүүлэн хийхээр шийдвэрлэж байсан юм.
Түүнчлэн тус компани эмэгтэй ажилтнуудаа уурхайн талбай дахь бэлгийн дарамт, ялгаварлан гадуурхалтаас хамгаалж чадаагүй гэх үндэслэлээр гаргасан хамтын нэхэмжлэлтэй аль хэдийн тулгараад байна.
Энэхүү шинэ гомдол нь Австралийн гурав дахь том уул уурхайн компани болох Fortescue-ийн ажлын байрны соёлд дахин анхаарал хандуулахад хүргэлээ. Баруун Австралийн уул уурхайн салбарынхан алслагдсан уурхайн үйл ажиллагаанд гарч буй бэлгийн дарамт, хүчирхийллийн асуудалтай тэмцсээр байна.
Шинэ мөрдөн шалгалт нь Fortescue-ийн зүй бус үйлдлийн талаарх гомдлыг хэрхэн шийдвэрлэсэнтэй холбоотойгоор Баруун Австралийн эрх баригчидтай үүссэн өмнөх маргааны дараа эхэлж байна.
Тус компани 2023 оны сүүлээр уг асуудлыг шийдвэрлэсний хүрээнд бэлгийн дарамт болон зохисгүй зан үйлийг уул уурхайн салбарт бууруулах арга хэмжээнд 1.4 сая австрали доллар буюу ойролцоогоор 1 сая ам.доллар зарцуулахаар тохиролцсон юм.
Fortescue-ийн хувьцааны ханш пүрэв гарагт 1.2%-иар буурч, 17.71 австрали долларт хүрсэн бөгөөд сүүлийн нэг жилийн хугацаанд 11%-иар буурсан байна.
