Үүнд АНУ импортын зэсэд шинэ тариф ногдуулж болзошгүй гэсэн хүлээлт голлон нөлөөлж, металлыг Америкийн агуулахуудад эрчимтэй татах болсон нь дэлхийн бусад зах зээлд нийлүүлэлтийн хомсдол үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж байна.
COMEX-ийн есдүгээр сарын нийлүүлэлттэй зэсийн үнэ 1.8%-иар өсөж, фунт тутамд 6.7270 ам.долларт хүрсэн нь тонн тутамд ойролцоогоор 14,830 ам.доллартай тэнцэж байна. Ингэснээр наймдугаар сарын 12-нд тогтоосон өмнөх дээд амжилт болох 6.7140 ам.долларыг давлаа. Улмаар үнэ 1.6%-ийн өсөлттэй, 6.7125 ам.долларт хэлбэлзэж байсан бөгөөд Лондоны үнээс тонн тутамд ойролцоогоор 550 ам.доллар буюу 4%-иар өндөр байв.
Харин Лондоны металлын биржийн гурван сарын хугацаатай зэсийн үнэ 0.4%-иар өсөж, тонн тутамд 14,251 ам.долларт хүрсэн байна. Даваа гарагт 14,201 ам.долларт хаагдсан нь тус биржийн түүхэн дэх хамгийн өндөр хаалтын үнэ байжээ. Мягмар гарагийн арилжаагаар 14,343 ам.долларт хүрсэн нь нэгдүгээр сард тогтоосон бүх цаг үеийн дээд үнэ болох 14,527.50 ам.доллараас ердөө 1.3%-ийн зөрүүтэй байна.
Зэсийн үнэ наймдугаар сарын 17-нд тонн тутамд 14,396 ам.долларт хүрсэн нь нэгдүгээр сарын сүүлээс хойших хамгийн өндөр түвшин байсан. Үүний дараа Лондоны агуулахуудад их хэмжээний зэс орж ирснээр үнэ 14,000 ам.долларын орчимд буурсан ч энэ нөхцөл байдал удаан үргэлжилсэнгүй.
Өнгөрсөн долоо хоногт LME-ийн агуулах дахь баталгаат зэсийн нөөц 74.5%-иар өссөн бөгөөд 2024 оноос хойших хамгийн их хэмжээний өдөр тутмын нийлүүлэлт бүртгэгдсэн байна. Гэвч сүүлийн өдрүүдэд зэс дахин Атлантын далайг гатлан АНУ-ын COMEX-ийн агуулахууд руу шилжиж эхэлжээ.
Даваа гарагт LME-ийн агуулахуудаас 51,400 тонн зэс гаргах захиалга бүртгэгдсэн бөгөөд сүүлийн өдрүүдэд нийт 65,400 тонн зэсийг гаргахаар тэмдэглэсэн байна.
Үүний зэрэгцээ COMEX-ийн зэсийн нөөц 46 хоног дараалан өсөж, 675,185 тоннд хүрэн түүхэн дээд түвшинд хүрчээ.
“Бодит байдал дээр зах зээл алдагдалтай болж байна”
АНУ энэ оны эхний хагаст 885,000 тонн боловсруулсан зэс импортолсон нь өмнөх оны мөн үеэс 3%-иар өссөн үзүүлэлт юм. Энэ хурдаар үргэлжилбэл 2025 онд бүртгэгдсэн 1.64 сая тонн импортын рекордыг дахин ойртох төлөвтэй байна.
АНУ 2027 оны нэгдүгээр сараас боловсруулсан зэсэнд 15%-ийн тариф тогтоож, 2028 оноос 30%-д хүргэх хувилбар хэлэлцэгдэж байгаа нь худалдаачдыг урьдчилан нөөц бүрдүүлэхэд түлхэц болж байна.
CRU байгууллага 2026 онд дэлхийн зэсийн зах зээлд 639,000 тонн илүүдэл үүснэ гэж өмнө нь тооцоолж байсан. Харин одоо зах зээлийг хамгийн сайндаа тэнцвэртэй түвшинд байна гэж үзэж байна.
CRU-ийн зэсийн ахлах шинжээч Роберт Эдвардс Reuters агентлагт хэлэхдээ, АНУ-ын импорт одоогийн хурдаар үргэлжилбэл “бодит байдал дээр зах зээл алдагдалтай болно” гэжээ.
Macquarie-ийн стратегич Алис Фокс мөн COMEX-ийн рекорд нөөцийн талаар “энэ хэмжээний металлыг зах зээлд шингээхэд хэдэн жил шаардагдана” гэж онцолсон байна.
Bank of China International-ийн шинжээч Амелиа Фу зэсийн үнэ ойрын долоо хоног, саруудад шинэ дээд амжилтууд тогтоох төлөвтэй гэж үзжээ.
Зэсийн үнийн өсөлт уул уурхайн компаниудын хувьцаанд хүчтэй нөлөөлж байна.
Grupo Mexico-ийн охин компани Southern Copper-ийн хувьцаа сүүлийн таван арилжааны өдөрт 15%-иар өсөж, 220.78 ам.долларт хүрэн түүхэн дээд үнээ шинэчилжээ. Тус компани 2029 он гэхэд жилийн зэсийн олборлолтоо 1 сая тонноос давуулах зорилттой.
Southern Copper-ийн зах зээлийн үнэлгээ ойролцоогоор 183 тэрбум ам.долларт хүрч, Rio Tinto-гийн 180 тэрбум орчим ам.долларын үнэлгээг давсан байна. Харин BHP 246 тэрбум ам.долларын үнэлгээгээр тэргүүлж байна.
Мөн Freeport-ийн хувьцаа сүүлийн долоо хоногт бараг 19%-иар өсөж, өөрийн түүхэн дээд түвшинд ойртжээ. First Quantum, Ivanhoe Mines болон Teck Resources-ийн хувьцаа тус бүр ойролцоогоор 11%-иар өссөн байна.
Харин Zijin Mining-ийн хувьцаа Нью-Йоркийн арилжаагаар 2.5%-иар буурсан. Тус компани Конго дахь Kamoa-Kakula уурхайд үүссэн үерийн улмаас 2026 оны өөрт ногдох зэсийн олборлолт 57,000 тонн хүртэл буурах эрсдэлтэй бөгөөд жилийн 1.2 сая тонн олборлолтын зорилтод дарамт ирж байгааг анхааруулжээ.
COMEX-ийн зэсийн үнэ 2026 он гарснаас хойш 19%-иар, сүүлийн нэг жилийн хугацаанд ойролцоогоор 50%-иар өсөөд байна.
АНУ-ын тарифын бодлого, металлыг Америкийн зах зээл рүү урьдчилан татаж буй үйл явц, дэлхийн нийлүүлэлтийн тодорхойгүй байдал зэрэг хүчин зүйлс зэсийн үнийг цаашид өндөр түвшинд хадгалах гол хүчин зүйл болж байна.



