Тус компанийн Замби улс дахь үндсэн "Мунтанга" (Muntanga) төслийн 58.8 сая фунт ураны ислийн (Jorc стандартаар баталгаажсан) нөөц дээр ийнхүү "Мадауэла" төсөл нэмэгдсэнээр, компанийн хэмжээ болон багц нь улам өргөжиж, уран олборлолтын хос платформтой болж байна.
Өмнө нь хийгдсэн өргөн хүрээний өрөмдлөг болон техникийн судалгаануудад үндэслэсэн "Мадауэла" төсөл нь цаашдын үнэлгээ, оновчлолын ажлыг хийхэд сайн суурь болохоос гадна компанийн хувьд хөгжүүлэлт, санхүүжилт болон стратегийн шинэ боломжуудыг эрэлхийлэх уян хатан байдлыг бий болгож байгааг тус компанийн зүгээс мэдэгдлээ.
Шинээр хийгдсэн хэлэлцээрийн дагуу ашиглалтын тусгай зөвшөөрлийг "Madaouela Mining Company" (Mamico) компанид олгосон бөгөөд үүний 60%-ийг "Atomic Eagle" эзэмшиж, үйл ажиллагааг удирдах бол үлдсэн 40%-ийг Нигер улсын төр (15% нь үнэ төлбөргүй давуу эрхийн, 25% нь хөрөнгө оруулалтад оролцох хэлбэрээр) эзэмшихээр болжээ.
Уг хэлэлцээрт хууль эрх зүй, татварын орчныг тогтвортой байлгах заалтууд болон бүтээгдэхүүн борлуулах гэрээний зохицуулалтыг тодорхой тусгасан байна.
"Мадауэла" талбайд өмнө нь 600,000 орчим метр өрөмдлөг хийгдсэн бөгөөд "Atomic Eagle"-ийн охин компани болох "GoviEx" үүнд 160 сая орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна.
Одоогийн байдлаар "Мадауэла" төслийн нөөцийг баталгаажуулах, техникийн оновчлолын ажил эхэлсэн бөгөөд Jorc стандартын дагуух эрдсийн нөөцийн тайлан энэ онд багтаж гарах төлөвтэй байна.



