CNBC-ийн мэдээлснээр Сангийн яам өндөр өгөөжтэй хуучин бондуудыг эргүүлэн худалдаж авахад АНУ-ын Төрийн сангийн ерөнхий данс (TGA)-наас хөрөнгө гаргах боломжтой байна. Тус данс нь Холбооны нөөцийн систем дэх Засгийн газрын үндсэн харилцах данс бөгөөд наймдугаар сарын 20-ны байдлаар 935 тэрбум ам.долларын үлдэгдэлтэй байжээ.
Бессент энэ үйл ажиллагааг CNBC-д өгсөн ярилцлагадаа “Treasury Twist” хэмээн нэрлэсэн байна. Энэ нь богино хугацаатай өр гарган урт хугацаатай бондыг худалдан авах замаар урт хугацааны хүүг бууруулах бодлогыг хэлж байна.
Гэхдээ Төрийн сангийн хэдий хэмжээний мөнгийг энэ зорилгоор ашиглах нь одоогоор тодорхойгүй байна. Уг мэдээлэл нь өнгөрсөн долоо хоногт Бессент урт хугацаатай бондын эргүүлэн худалдан авалтын хэмжээг 2 тэрбум ам.доллараас дор хаяж 4 тэрбум ам.доллар болгон хоёр дахин нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор гарчээ.
Нью-Йоркийн цагаар 12:30 цагийн байдлаар алтны үнэ 1.2%-иар өсөж, унци нь 4,719 ам.доллар орчимд хүрсэн нь сүүлийн дөрвөн сарын дээд түвшинд ойртсон үзүүлэлт боллоо.
АНУ-ын 10 жилийн хугацаатай Төрийн сангийн бондын өгөөж 4 суурь нэгжээр буурч, 4.69% болсон бол 30 жилийн хугацаатай бондын өгөөж ойролцоогоор 5.215%-д хүрчээ. Өгөөж бага зэрэг буурсан ч өнгөрсөн долоо хоногт Сангийн яам зах зээлд оролцоход хүргэсэн өндөр түвшинд хэвээр байна. Тухайн үед 30 жилийн өгөөж 19 жилийн дээд түвшин болох 5.27%-иас давсан юм.
Мөнгөний үнэ даваа гарагт ойролцоогоор 1%-иар буурч, унци нь 70 ам.долларын эсэргүүцлийн түвшнээс доогуур тогтворжиж байна.
Гэсэн хэдий ч наймдугаар сард мөнгө алтнаас илүү хүчтэй өссөн бөгөөд сарын эхнээс хойш бараг 20%-иар өссөн бол алтны үнэ 15%-иар нэмэгджээ.
Зэсийн үнэ мөн 0.46%-иар өсөж, бүх цаг үеийн дээд түвшиндээ ойролцоо арилжаалагдаж байна.
Даваа гарагт Сангийн яамнаас гаргасан энэхүү алхамд зах зээлийн зарим шинжээчид эргэлзэж байна.
RBC Capital Markets-ийн АНУ-ын хүүгийн стратегийн тэргүүн Блейк Гвинн үүнийг “зах зээлийн борлуулалтыг зогсоох гэсэн маш яаруу оролдлого” хэмээн тодорхойлж, Сангийн яам уг бэлэн мөнгийг бодитоор ашиглах магадлалыг “маш, маш бага” гэж үнэлжээ.
Урт хугацааны бондын өгөөж олон жилийн дээд түвшинд хүрсний дараа Сангийн яам өнгөрсөн долоо хоногт бонд эргүүлэн худалдаж авах хөтөлбөрөө өргөжүүлсэн. Гэвч энэ арга хэмжээ богино хугацаанд л нөлөөлж, 30 жилийн бондын өгөөж ердөө нэг өдрийн дараа өмнөх өсөлтөө нөхсөн байна.
Ирэх долоо хоногт хөрөнгө оруулагчид, Холбооны нөөцийн банк болон Сангийн яамны хувьд зах зээлийн нөхцөл байдал чухал сорилт болох төлөвтэй.
Холбооны нөөцийн банкны дарга Кевин Уорш баасан гарагт Жексон-Хоулын уулзалтад анхны илтгэлээ тавих бөгөөд лхагва гарагт долдугаар сарын PCE инфляцын үзүүлэлт танилцуулагдана. Bloomberg-ийн санал асуулгад оролцсон эдийн засагчид жилийн инфляцыг 3.6%, суурь инфляцыг 3.3% орчим байна гэж таамаглажээ.
Энэ хугацаанд АНУ-ын Сангийн яам урт хугацааны хүүгийн түвшинд анхаарлаа төвлөрүүлэн ажиглах төлөвтэй байна.



