АНУ-ын Батлан хамгаалах яамны Defense Industrial Base Consortium (DIBC) байгууллага дотоодын үйлдвэрлэлийн дутагдлыг нөхөх зорилгоор индий, манган, магни, титан зэрэг металлын нийлүүлэлтийг нэмэгдүүлэх төслүүдэд санал авч байна. Саналыг 9 дүгээр сарын 17-ны дотор ирүүлэх бөгөөд холбогдох хүсэлтийг баасан гарагт нийтэлжээ.
Сонгон шалгаруулалтад уул уурхай, хүдэр боловсруулах, цэвэршүүлэхээс эхлээд хайлш үйлдвэрлэл болон дахин боловсруулалт хүртэлх нийлүүлэлтийн сүлжээний аль ч шатны төсөл хамрагдах боломжтой.
Энэ нь DIBC-ээс 2025 оны дунд үеэс хойш чухал ашигт малтмал болон дэвшилтэт батлан хамгаалах технологийн чиглэлээр зарлаж буй гурав дахь хөрөнгө оруулалтын санал авах хөтөлбөр болж байна.
Компаниуд болон бизнес эрхлэгчид төслийн саналаа нэг нүүртэй PowerPoint танилцуулга хэлбэрээр, дөрвөн хэсэгт хуваан товч танилцуулах шаардлагатай. Дараагийн шатанд шалгарсан төслүүдээс хэрэгжилтийн нарийвчилсан төлөвлөгөө зэрэг нэмэлт мэдээлэл шаардана.
Одоогоор хэдий хэмжээний хөрөнгө оруулалт олгох нь тодорхойгүй байна. Засгийн газрын 2027 оны санхүүгийн жилийн батлан хамгаалах төсөв эцэслэгдсэний дараа хөрөнгө оруулалтын хэмжээ илүү тодорхой болох төлөвтэй гэж Quince Street Strategy компанийн төрийн санхүүжилтийн мэргэжилтэн Трипп Хорник хэлжээ.
Дээрх дөрвөн металл нь АНУ-ын Геологийн албаны (USGS) жагсаалтад чухал ашигт малтмал гэж бүртгэгдсэн. Эдгээр нь эдийн засаг болон үндэсний аюулгүй байдалд чухал ач холбогдолтой бөгөөд нийлүүлэлтийн сүлжээ нь тасалдах эрсдэлтэй гэж тооцогддог.



