Спот мөнгөний үнэ 8-р сарын 21-ний өдөр бага зэрэг буурахаас өмнө 70 ам.долларт хүрсэн нь 7-р сарын сүүлчээр 57.59 ам.доллар байсантай харьцуулахад өндөр өсөлт юм. Энэхүү хурдацтай өсөлт нь мөнгөний үнийг банкуудын жилийн дундаж таамаглалаас давуулсан бөгөөд зарим банкуудын жилийн эцсийн илүү өөдрөг зорилтот түвшнээс арай доогуур хэвээр байна.
Хөрөнгө оруулагчид энэ салбар руу хошуурахын хэрээр хамгийн том үйлдвэрлэгчид, стриминг (санхүүжүүлэгч) компаниуд болон жижиг компаниудад чиглэсэн биржээр арилжаалагддаг сангуудын (ETF) хувьцаа металлын өсөлтийг улам бүр өдөөж, бүр ч хурдтайгаар өслөө.
АНУ-ын хамгийн том мөнгө үйлдвэрлэгч "Hecla Mining" компани 8-р сард 47%-ийн өсөлт үзүүлсэн бол "Wheaton Precious Metals" 44%-иар өсч, "Coeur Mining", "First Majestic Silver", "Fortuna Mining" компаниуд тус бүр 42%-иар өсчээ.
Салбартаа харьцангуй жижигт тооцогдох "Global X Silver Miners ETF" 35%-иар өссөн бол "ETFMG Prime Junior Silver Miners ETF" 32%-иар өсчээ.
Тэгвэл дэлхийн хамгийн том мөнгө олборлогч "Pan American Silver" компани 22%-иар өссөн байна.
Томоохон банкуудын үнийн таамаглал маш зөрүүтэй хэвээр байгаа бөгөөд жилийн эцсийн болон оргил үеийн таамаглалууд нэг унц нь 67-оос 118 ам.долларын хооронд хэлбэлзэж байгаа ба хэд хэдэн байгууллага үнийг гурван оронтой тоонд хүрэх боломжтой гэж үзэж байна. Томоохон банк, санхүүгийн байгууллагуудын мөнгөний үнийн таамаглалыг харуулбал,
• UBS: Жилийн эцэст 80 ам.доллар.
• J.P. Morgan: Дөрөвдүгээр улиралд 85 ам.долларт хүрч оргилно, гэхдээ 50 ам.доллар руу унах эрсдэлтэйг анхааруулав.
• Goldman Sachs: Бүтэн жилийн дундаж хязгаарыг 85-аас 100 ам.доллар гэж таамаглав.
• Citigroup: Илүү өөдрөг байгаа бөгөөд оны хоёрдугаар хагаст 110 ам.долларт хүрнэ гэж үзэн, дунд хугацааны хэлбэлзлийг 110-аас 150 ам.долларт хэвээр үлдээв.
• CIBC: Жилийн эцэст 105 ам.доллар орчим.
• BNP Paribas: 100 ам.доллар орчим.
• ING: Дөрөвдүгээр улиралд 74 ам.доллар.
• HSBC: Бүтэн жилийн дундаж 75 ам.доллар.
• Commerzbank: Жилийн эцэст 67 ам.доллар (гэхдээ урт хугацааны өсөлтийн зорилт нь 90 ам.доллар).
• Bank of America: Бүтэн жилийн дундаж суурь түвшинг 85.93 ам.доллар гэж үзэж, дөрөвдүгээр улиралд 100 ам.доллароос давна гэж таамаглав. Хэрэв алт-мөнгөний харьцаа огцом хумигдвал үнэ 135-аас 309 ам.долларт хүрэх магадлалтай гэв.
• BMO Capital Markets: Бүтэн жилийн дундаж 74.50 ам.доллар боловч ижил төрлийн харьцааны хумигдал дээр үндэслэн дөрөвдүгээр улиралд 160 ам.долларт хүрэх боломжтой гэж үзэж байна.
• TD Securities: Хамгийн өндөр оргил үеийн таамаглалыг 118 ам.доллар гэж гаргасан бөгөөд бүтэн жилийн дундаж суурь түвшинг харин харьцангуй доогуур буюу 44 ам.доллар гэж үзжээ.
• Scotiabank: Бүтэн жилийн дундаж 65 ам.доллар.
• Royal Bank of Canada: Ханш өндөр байх байр сууриа хадгалж, 2027 он хүртэл 75 ам.долларын орчимд тогтоно гэдгийг онцлов.
• Bain Commodities: Жилийн дундаж 63.50 ам.доллар орчим байх ба оргил үе нь 85 ам.доллар байна гэж таамаглав.



