Энэхүү алхам нь Энэтхэгийн төрийн өмчит компаниуд Хятадаас хараат байдлаа бууруулахын тулд лити, боксит зэрэг критикал ашигт малтмалын гадаад дахь нийлүүлэлтийг баталгаажуулах хүрээнд хийгдэж байна.
"Коал Индиа" компани Сингапурын эрх бүхий байгууллагуудад салбар оффисоо бүртгүүлэх өргөдлөө гаргасан бөгөөд энэхүү салбар оффис нь "Коал Индиа" компанид критикал ашигт малтмалын бизнесээ өргөжүүлэх, гадаад дахь ашигт малтмалын ордуудыг худалдан авах болон төмрийн хүдрийн бизнесийг нь өргөжүүлэх үүрэгтэй ажээ.
Түүнчлэн, "Коал Индиа" компани ашигт малтмалаар баялаг хэд хэдэн бүс нутаг дахь ашигт малтмалын нөөц боломжуудыг судалж байгаа бөгөөд үүнд Гана болон Африкийн бусад хэсэгт орших бокситын ордууд багтаж байгаагаас гадна газрын ховор элементийг ч мөн сонирхож байна.
Литийн хувьд тус компани Чили улсад гол анхаарлаа хандуулж байгаа бөгөөд тус компани зөвхөн нүүрсээр хязгаарлахгүйгээр ашигт малтмалын бусад салбар руу үйл ажиллагаагаа төрөлжүүлсээр байна. Үүний жишээ нь энэ сард тус улсын зүүн хэсгийн Одиша мужид зохион байгуулагдсан дуудлага худалдаагаар "Коал Индиа" компани төмрийн хүдрийн ордыг авснаар төмрийн хүдрийн олборлолтын салбарт хөл тавьжээ.
Мөн өнгөрсөн долоо хоногт Ройтерс агентлаг мэдээлэхдээ, "Коал Индиа" компани Чилид литийн олборлолт явуулдаг Канадын "Вэльт Минералс" (Wealth Minerals) компанийн нэг салбарыг худалдаж авахаар хэлэлцээ хийж байгаа юм байна.



