Хоёр компани тавдугаар сарын 19-нд байгуулсан нэгдэх хэлцлийн хэрэгжилтийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах хоёр дахь гэрээг байгуулсан байна.
Шинэ тохиролцоогоор өмнө нь тогтмол байсан хувьцааны харьцааг тодорхой хүрээнд хэлбэлздэг уян хатан харьцаа болгон өөрчилжээ. Ингэснээр нэгдэх хэлцлийг байгуулсан үеэс хэрэгжүүлэх хүртэл Critical Metals-ийн хувьцааны ханшид гарах өөрчлөлтийн эрсдэл, үр өгөөжийг хоёр компанийн хувьцаа эзэмшигчдэд илүү тэнцвэртэй хуваарилах зорилготой байна.
Хэлцлийн үндсэн нөхцөл өөрчлөгдөөгүй бөгөөд Critical Metals нь European Lithium-ийн гаргасан нийт хувьцааны 100%-ийг шүүхээр баталгаажсан схемийн зохицуулалтаар худалдан авна. Харин өмнө нь нэг European Lithium хувьцаанд 0.035 шинэ Critical Metals хувьцаа олгохоор тогтоосон байсан харьцааг уян хатан системээр солилоо.
Шинэ харьцааг Critical Metals-ийн Nasdaq дахь хувьцааны 20 дараалсан арилжааны өдрийн жигнэсэн дундаж үнэ буюу VWAP-д үндэслэн тогтооно. Ингэхдээ тодорхой доод болон дээд үнийн хязгаар буюу “floor” болон “ceiling” тогтоосон байна.
Хэрэв хэлцлийн тооцоонд ашиглах Critical Metals-ийн VWAP 8 ам.доллар буюу түүнээс доош байвал European Lithium-ийн хувьцаа эзэмшигчдэд нэг хувьцаанд хамгийн ихдээ 0.045 ширхэг шинэ Critical Metals хувьцаа олгоно.
Харин VWAP 16 ам.доллар буюу түүнээс дээш гарвал хувьцаа солилцох харьцаа хамгийн багадаа 0.025 Critical Metals хувьцаа байна. Өөрөөр хэлбэл Critical Metals-ийн хувьцааны үнэ өсөх тусам European Lithium-ийн хувьцаа эзэмшигчдэд олгох шинэ хувьцааны тоо буурах механизмыг бий болгожээ.
Харин Critical Metals-ийн хувьцааны VWAP 8-16 ам.долларын хооронд байвал хувьцаа солилцох харьцаа 0.045-0.025-ын хооронд шулуун шугаман зарчмаар өөрчлөгдөнө.
Энэхүү уян хатан харьцааны гол зорилго нь нэгдэх хэлцэл эцэслэн хэрэгжих хүртэл Critical Metals-ийн хувьцааны ханшид гарч болох богино хугацааны огцом хэлбэлзлээс хоёр талын хувьцаа эзэмшигчдийг хамгаалах явдал юм.
Тухайлбал, Critical Metals-ийн хувьцааны үнэ буурвал солилцооны харьцаа өсөж, European Lithium-ийн хувьцаа эзэмшигчид илүү олон Critical Metals-ийн хувьцаа авах боломжтой болно. Харин Critical Metals-ийн хувьцааны үнэ өсвөл харьцаа буурч, хэлцлийн үр дүнд Critical Metals-ийн одоогийн хувьцаа эзэмшигчдийн эзэмшил хэт шингэрэхээс хамгаална.
Ийнхүү 0.025-0.045 гэсэн доод болон дээд хязгаар тогтоосон “cap and collar” механизм нь хоёр компанийн хувьцаа эзэмшигчдийн хувьд хувьцааны харьцаа хэт огцом өөрчлөгдөхөөс сэргийлэх хамгаалалт болж байна.
Critical Metals-ийн захирал Майк Хансон шинэ нөхцөл нь хоёр компанийн нэгдлийг богино хугацааны зах зээлийн хэлбэлзлээс хоёр талын хувьцаа эзэмшигчдийг шударга хамгаалах байдлаар хэрэгжүүлэх эрмэлзлийг харуулж байна гэж мэдэгджээ.
Мөн European Lithium болон түүний эзэмшиж буй активуудыг Critical Metals-ийн группт бүрэн нэгтгэх стратегийн үндэслэл өөрчлөгдөөгүй бөгөөд нэгдэх хэлцлийг энэ оны сүүлээр хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг тэр онцолсон байна.
Энэхүү хэлцэл хэрэгжсэнээр Critical Metals нь European Lithium-ийн активуудыг бүрэн нэгтгэж, Европ дахь литийн нийлүүлэлтийн стратегийн байр сууриа бэхжүүлэх боломжтой болох юм.



