Хятадын дараа орох дэлхийн хамгийн том түүхий ган үйлдвэрлэгч Энэтхэг улс коксжих нүүрсний хэрэгцээнийхээ 95 хувийг импортоор хангадаг бөгөөд үүний бараг тал хувийг Австралиас авдаг. Коксжих нүүрс нь ган үйлдвэрлэлийн зардлын 40 орчим хувийг эзэлдэг.
Дэд бүтэц болон эдийн засгийн хүчтэй өсөлтөөс үүдэлтэй дотоодын эрэлт хэрэгцээг хангахын тулд Энэтхэгийн ган үйлдвэрлэгчид зардлаа нэмэгдүүлж буй энэ үед ашгийн хэмжээ хумигдах нь хөрөнгө оруулалтыг сааруулж, үйлдвэрлэлийн хүчин чадлыг өргөтгөх ажлыг хойшлуулж болзошгүй байна.
Сидней дэх CRU зөвлөх компанийн металлургийн нүүрс, коксын зах зээлийн албаны тэргүүн Банмит Хурмигийн мэдээлснээр, дээд зэрэглэлийн хатуу коксжих нүүрсний үнэ өнгөрсөн онтой харьцуулахад 25 хувиар өсөж, 2026 оны эхний долоон сарын байдлаар Австралиас ачих үеийн (FOB) үнэ дунджаар тонн тутамд 236 ам.долларт хүрчээ.
Австрали дахь нийлүүлэлтийн тасалдал, шинэ уурхайнуудын үйлдвэрлэл хүлээлтээс удаан нэмэгдсэн байдал, Ойрхи Дорнод дахь мөргөлдөөнөөс үүдэлтэй үнийн өсөлт, мөн саяхан Хятадын Шаньси мужид гарсан томоохон осол зэрэг нь энэ жил үнэ өндөр байхад нөлөөлсөн байна.
Шаньси мужийн нүүрсний уурхайн ослын улмаас нийлүүлэлт тасалдсан зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан оны хоёрдугаар хагаст ч зардал өндөр хэвээр байх магадлалтай.
Домен зуух ашиглан ган үйлдвэрлэгчдийн хувьд коксжих нүүрсний үнэ тонн тутамд 10 ам.доллараар өсөхөд ган үйлдвэрлэлийн зардал тонн тутамд ойролцоогоор 7-9 ам.доллараар нэмэгддэг гэж салбарын судлаачид онцолж байна.
Импортын эрэлт нэмэгдэхийн зэрэгцээ тээврийн зардал ч өсч байгаа бөгөөд үүнд АНУ болон Ираны хоорондох мөргөлдөөнөөс үүдэлтэй саатал нөлөөлж байна.
Энэтхэгийн зүгээс эрэлт өндөр байгаагаас гадна дизель түлш, тээвэрлэлт, даатгалын зардал нэмэгдсэн нь худалдааны урсгалыг хязгаарлахад хүргэлээ" гэж "Moody's Ratings"-ийн дэд ерөнхийлөгч Хуй Тинг Сим хэлсэн байна.
Орос, Мозамбик, АНУ-аас нийлүүлэх импорт нэмэгдэх хэдий ч Австрали улс Энэтхэгийн коксжих нүүрсний хэрэгцээний дор хаяж 50 хувийг хангасан хэвээр байх төлөвтэй байна.
Сүүлийн жилүүдэд Энэтхэгийн коксжих нүүрсний импортын 24 хувийг бүрдүүлж байсан Оросын нүүрсний үнийн хөнгөлөлт сүүлийн хоёр жилийн хугацаанд буурчээ.
Урт хугацаанд Мозамбик улс АНУ, Оросыг ардаа орхиж, Австралийн дараа орох Энэтхэгт коксжих нүүрс нийлүүлэгч хоёр дахь том улс болно гэж судлаачид таамаглаж байгаа бөгөөд "Steel Authority of India" (төрийн өмчит компани) болон "JSW Steel" зэрэг Энэтхэгийн компаниуд нийлүүлэлтээ хангахын тулд Мозамбик улсыг сонгож эхэлсэн байна.
Энэтхэг улс коксжих нүүрсний импортоо төрөлжүүлж, Монголын зах зээлээс нүүрс авахыг зорьж байгаа хэдий ч логистикийн бэрхшээлээс шалтгаалан үүнийг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй хэвээр байна гэж шинжээчид үзэж байна.
Энэ хүндрэлтэй нөхцөл байдлаас шалтгаалж Энэтхэг улсын гангийн үйлдвэрүүд ирээдүйд Монголын биш Мозамбик улсын коксжих нүүрсийг сонгох магадлал өндөр байна.



