Шинэчилсэн үнэлгээгээр Pitfield-д 4.3%-ийн агуулгатай 8.16 тэрбум тонн хүдэр байгаа бөгөөд үүнд Thomas болон Cosgrove ордуудыг нийлүүлэн тооцвол нийт 349 сая тонн титаны давхар исэл (TiO2) агуулагдаж байна.
Нөөцийн ангиллын хувьд авч үзвэл, Pitfield-д 5.8%-ийн агуулгатай 374 сая тонн (21.6 сая тонн титаны давхар исэл агуулсан) "баталгаатай" нөөц, 4.3%-ийн агуулгатай 3.65 тэрбум тонн (154 сая тонн титаны давхар исэл агуулсан) "тогтоогдсон" нөөц, мөн 4.1%-ийн агуулгатай 4.2 тэрбум тонн (173 сая тонн титаны давхар исэл агуулсан) "таамаг" нөөц тус тус байна.
Шинэчилсэн үнэлгээнд төслийн анхны "баталгаатай" нөөцийн мэдээлэл багтсан нь уурхайн төлөвлөлт болон эдийн засгийн судалгааг урагшлуулах итгэлийг нэмэгдүүлж байна гэж Empire Metals мэдэгдэв.
Thomas ордын хувьд нөөцийн 43% нь "баталгаатай" болон "тогтоогдсон" ангилалд, харин үлдсэн хэсэг нь "таамаг" ангилалд хамаарч байна. Cosgrove ордын хувьд нөөцийн 51% нь "тогтоогдсон" ангилалд, үлдсэн хэсэг нь "таамаг" ангилалд хамаарч байна.
Empire Metals компани Pitfield төслийн хүрээнд уламжлалт технологи ашиглан дэлхийн зах зээлд зориулсан өндөр чанартай цэвэршүүлсэн титаны давхар исэл (пигмент болон металлын түүхий эд хэлбэрээр) үйлдвэрлэхээр төлөвлөж байна. Тус төсөл нь Ази, АНУ, Европ болон Саудын Арабын боомтуудтай холбогдох төмөр замын сүлжээтэй юм байна.



