Касеронес (Caserones) уурхайн бүтэн жилийн зэсийн үйлдвэрлэлийн зорилтыг өмнөх 130,000–140,000 тонноос бууруулж 120,000–130,000 тонноор тогтоов. Мөн тус уурхайн бэлэн мөнгөний өртгийн (cash costs) таамаглалыг нэг фунт тутамд 2.05–2.25 ам.доллар байсныг 2.15–2.35 ам.доллар болгон өсгөжээ.
Компанийн гүйцэтгэх захирал Жак Лундин мэдэгдэлдээ: "Эхний шуурганы дараа үйлдвэрлэлд үзүүлэх нөлөөлөл нь бидний анхны таамагласан хүрээний доод түвшинд байна гэж тооцоолж байсан. Харамсалтай нь, хоёр дахь ширүүн шуурга сэргээн босгох ажлыг тасалдуулж, хэвийн үйл ажиллагаанд шилжих төлөвлөгөөг хойшлуулснаар төлөвлөөгүй зогсолт гаргахад хүргэлээ" гэжээ.
Касеронес уурхайд гарсан энэхүү хүндрэл нь Лундин компанийн нийт үйл ажиллагааны төлөвт сөргөөр нөлөөлж, нэгтгэсэн зэсийн үйлдвэрлэлийн таамаглалыг 300,000–325,000 тонн болгон бууруулж, бэлэн мөнгөний өртгийг нэг фунт тутамд 1.95–2.15 ам.доллар болон өсөхөд хүргэсэн байна.
Сүүлийн шуурга наймдугаар сарын 13-нд эхэлж, нам дор газруудаар их бороо орж, Андын нурууны өндөрлөг хэсгүүдээр ер бусын их цас орж, хүчтэй салхи шуурсан байна.
Ширүүн салхи, их цас орсны улмаас өмнөх шуурганд гэмтсэн байсан цахилгаан дамжуулах цамхаг дахин эвдэрч, наймдугаар сарын 14-нд Касеронес уурхайд дахин цахилгаан тасаржээ. Уурхай нь өмнө нь долдугаар сарын 18-наас 30-ны хооронд цахилгаангүй байсан юм.
Дараалсан цахилгааны саатал нь асуудлыг шийдвэрлэх хугацааг сунгаж, Лундин компани Касеронес уурхайг хэвийн ажиллаж эхлэхээс өмнө дэд бүтцийг засварлаж, нэвтрэх зам гарцуудыг дахин нээхэд хүргэж байна.
"Манай баг хамт олон цахилгаан эрчим хүчийг сэргээх, дэд бүтцийг засах, замуудыг нээх чиглэлд томоохон ахиц дэвшил гаргаж байгаа бөгөөд Касеронес уурхайн хэвийн үйлдвэрлэлийг аль болох хурдан бөгөөд аюулгүйгээр эргүүлэн тогтоохын төлөө анхааран ажиллаж байна" гэж Жак Лундин онцлов.
Энэхүү шинэчилсэн төлөв байдал нь Лундин болон Чилийн өндөр уулын бүсэд үйл ажиллагаа явуулдаг бусад уурхайнуудын хувьд цаг агаарын эрс тэс нөхцөл байдал нь үйлдвэрлэл, өртгийн эрсдэлийг хэрхэн дагуулж буйг тод харуулж байна.



