Зэсийн үнэ энэ онд нэг тонн нь 14,000 ам.доллароос давж, түүхэн дээд түвшинд хүрээд байна. Үүнд эрчим хүч ихээр шаарддаг хиймэл оюун ухааны дата төвүүдийн бүтээн байгуулалт эрчимжсэн, мөн дэлхий нийт цэвэр эрчим хүч рүү шилжиж буйтай холбоотойгоор зэсийн эрэлт нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Энэ нь уул уурхайн компаниудыг өндөр агуулгатай зэсийн ордуудыг эзэмших өрсөлдөөнийг улам эрчимжүүлэхэд хүргэж байна.
Алт, уран зэрэг дагалдах бүтээгдэхүүнийг багтаасан зэсийн бизнес BHP-ийн тайлант жилд 18.19 тэрбум ам.долларын үйл ажиллагааны ашиг бий болгосон нь төмрийн хүдрийн 14.53 тэрбум ам.долларын ашгийг давж, компанийн хамгийн өндөр ашигтай бизнесийн чиглэл болжээ.
Дэлхийн хамгийн том зэс үйлдвэрлэгч BHP мягмар гарагт мэдээлснээр, 6 дугаар сарын 30-нд дуусгавар болсон санхүүгийн жилийн суурь цэвэр ашиг 13.20 тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ нь Visible Alpha-ийн шинжээчдийн 12.66 тэрбум ам.долларын дундаж төсөөлөл болон өмнөх жилийн 10.16 тэрбум ам.долларын ашгаас давсан үзүүлэлт юм.
Тус компани нэгж хувьцаанд 99 центийн эцсийн ногдол ашиг олгохоор зарласан бөгөөд ингэснээр бүтэн жилийн нийт ногдол ашиг нэгж хувьцаанд 1.72 ам.долларт хүрчээ. Энэ нь сүүлийн дөрвөн жилийн хамгийн өндөр жилийн ногдол ашиг болж байна.
Өнгөрсөн сард компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг хүлээн авсан Брэндон Крэйг ойрын арван жилийн хугацаанд BHP-ийн зэсийн үйлдвэрлэлийн төлөв хүчтэй хэвээр байгааг онцоллоо.
Түүний хэлснээр BHP нь 2035 он гэхэд зэсийн үйлдвэрлэлээ 40 хүртэлх хувиар нэмэгдүүлж, жилд 2 сая тонн хүргэх боломжтой байна. Харин дэлхийн зэсийн эрэлт одоогийн 34 сая тонн орчмоос 2050 он гэхэд жилд 50 сая тонноос давна гэж тооцоолжээ.
BHP-ийн гол хөрөнгө болох Баруун Австралийн төмрийн хүдрийн WAIO үйл ажиллагаа тайлант жилд 14.67 тэрбум ам.долларын үйл ажиллагааны ашиг олсон нь өмнөх жилээс 2 хувиар өссөн үзүүлэлт юм. Энэ нь Visible Alpha-ийн 14.75 тэрбум ам.долларын төсөөлөлтэй ойролцоо байна.
Мөн BHP нь WAIO-ийн хөрөнгийн багц болон активын удирдлагыг идэвхтэй хэрэгжүүлснээр нийт 3.5 тэрбум ам.доллар хүртэлх нэмэлт үнэ цэнийг бий болгох боломжтой гэж мэдэгдэв.
Хамгийн сүүлд Global Infrastructure Partners (GIP) тус төслийн дотоодын эрчим хүчний сүлжээнд 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, төслийн цөөнхийн хувь эзэмшигч болсон байна.
BHP-ийн 2026 оны санхүүгийн жилийн эцэст цэвэр өр 8.69 тэрбум ам.доллар болж буурчээ. Энэ нь компанийн тогтоосон 10-12 тэрбум ам.долларын зорилтот түвшнээс доогуур бөгөөд Visible Alpha-ийн 9.10 тэрбум ам.долларын төсөөллөөс мөн бага үзүүлэлт юм.



