Тухайлбал, БНХАУ-ын уул уурхайн бүтээгдэхүүний худалдааны төрийн өмчит “China Mineral Resources Group” компанийн зүгээс Хятадын зарим гангийн үйлдвэрүүдэд хандан 9-р сараас эхлэх төмрийн хүдрийн тээвэрлэлтийн талаар "Rio Tinto" компанитай хийж буй хэлэлцээгээ зогсоохыг үүрэг болгосон тухай мэдээлсэн байна. “China Mineral Resources Group” (CMRG) компани нь томоохон олборлогч компаниудаас авах худалдан авалтыг хязгаарлах замаар дотоодын гангийн үйлдвэрүүддээ илүү ашигтай нөхцөлийг бүрдүүлэхийг зорьж байгаа юм байна. Өмнө нь 2025 онд мөн Авсралийн BHP группын зарим төрлийн төмрийн хүдрийг мөн Хятад улсын зүгээс хоригт оруулж байсан юм. Ийнхүү дэлхийн уул уурхайн түүхий эдийн хамгийн том худалдан авагч болон нийлүүлэгч нарын хооронд үнэ тариф болон зах зээлийн зохицуулалттай холбоотой бодлогын шахалт дарамт үүсээд байна. Тэгвэл Австралийн Засгийн газраас саяхан Үндэсний аюулгүй байдлын эрсдэл болон гадаад орны нөлөөллөөс сэргийлэх зорилгоор тус улсын хоёр томоохон их сургуулийн Хятад улстай байгуулсан хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын гэрээг албан ёсоор цуцлах шийдвэр гаргасан юм.
Австралийн Гадаад хэргийн сайд Пенни Вонг Гадаад харилцааны тухай хуулийн дагуу олгогдсон эрхийнхээ хүрээнд эдгээр гэрээнүүдийг хүчингүй болгож, сургуулиудад хамтын ажиллагаагаа зогсоох таван сарын хугацаатай үүрэг өгсөн байна. Энэ хүрээнд дараах 2 сургуулийн Хятадын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг цуцалсан байна. Үүнд:
- Австралийн Үндэсний Их Сургууль (ANU) ANU-ийг Хятадын Шаньдунгийн их сургуультай хамтран 2022 онд байгуулсан Хамтарсан шинжлэх ухааны коллеж (Joint Science College)-ийн үйл ажиллагаа явуулж байсан. Тус коллежид физик, хими, математик зэрэг нарийн шинжлэх ухааны чиглэлээр дэлхийн хэмжээний судалгаанууд хийгдэж байв.
- Квинслэндийн Их Сургууль (UQ) нь Хятадын Шинжлэх Ухааны Академитай байгуулсан мэдээлэл солилцох, хамтран ажиллах гэрээтэй ажиллаж байсан байна. Хэдийгээр Австрали улсын зүгээс дангаараа энэ хамтын ажиллагааг цуцалж байгаа нь шууд утгаараа хоёр улсын хоорондох нүүрс болон төмрийн хүдрийн хэлэлцээрт хамааралгүй мэт харагдаж байв ч үнэн хэрэгтээ худалдааны хэлэлцээрт үзүүлж буй Хятад улсын дарамт шахалтын эсрэг Хятад улсад барьсан стратегийн хариу арга хэмжээний нэг боллоо.



