Коксжих нүүрсний тухайд Сингапурын бирж (SGX) дээр Австралийн жишиг үнэ (FOB Australia) тонн тутамд 217.67 ам.доллар болж сарын дүнгээр харьцангуй тогтвортой буюу үнэ бага зэрэг (-3.90%) буурах хандлагатай байна. БНХАУ, Далианы түүхий эдийн бирж (DCE) дээр хамгийн идэвхтэй арилжаалагдаж буй фьючерс гэрээний үнэ тонн тутамд 1,277 юань (CNY) орчимд хэлбэлзэж байна. Хятадын дотоодын уурхайнуудын олборлолт сэргэж байгаа нь үнэд бага зэрэг буурахад нөлөөлж байна.
Эрчим хүчний нүүрсний тухайд Ньюкасл индекс буюу Ази-Номхон далайн бүсийн гол жишиг үнэ тонн тутамд 129.00 ам.доллар хүрч, өмнөх өдрөөсөө +0.90%-иар өссөн байна. Тэгвэл Европын жишиг (API2 / Роттердам) үнэ Европт усан цахилгаан станцын усан сангуудын түвшин багассан болон өвлийн бэлтгэлтэй холбоотой эрэлтээс шалтгаалан тонн нь 120.00 ам.долларын босгыг даваад байна. Хятадын худалдан авагчдын дунд хамгийн эрэлттэй байдаг Индонезийн эрчим хүчний нүүрсний (4,200 kcal/kg) үнэ тонн тутамд 62.51 ам.долларын түвшинд арилжаалагдаж байна.
Үнэт металлын хувьд үнэ бага зэрэг өсөлттэй байлаа. Comex биржийн 12-р сарын алтны фьючерс үнэ 1.7%-иар өсч, унц нь 4,495.00 ам.долларт хүрэв. Гэхдээ үд дунд гэхэд өсөлт саарч, 0.5%-ийн ашигтайгаар 4,440.00 ам.доллар болж буурсан байна. Спот алтны үнэ 1% хүртэл өссөний дараа бараг өөрчлөлтгүй 4,395 ам.доллар орчимд хэлбэлзэж байна.
Комекс биржийн 9-р сарын мөнгөний үнэ 2.2%-иар өсч, унц нь 66.685 ам.долларт хүрсэн ч эргээд өдрийн эцэст 0.4%-иар буурч 65.035 ам.доллар болжээ. Спот мөнгөний үнэ 1% орчим унав. Мөнгөний үнэ 2026 он гарсаар 9% орчим уналттай хэвээр байна. Харин платинум (цагаан алт) тогтвортой байж, палладиум 0.9%-иар унажээ. АНУ-ын түүхий тос нэг баррель нь 83 ам.доллароос дээш, Брент маркийн тос 89 ам.доллар руу дөхөж өсөв.



