Уг арга хэмжээ нь чухал ашигт малтмалын олборлолт, боловсруулалтыг дэмжих зорилготой бөгөөд хэд хэдэн хэлцэл, харилцан ойлголцлын санамж бичгийг албан ёсоор танилцуулахаар төлөвлөж байна.
Уулзалтад уригдсан хүмүүсийн дунд "Rio Tinto Group", "BHP Group", "Freeport-McMoRan Inc." зэрэг салбарын тэргүүлэгчдээс гадна "MP Materials Corp.", "USA Rare Earth Inc.", "Energy Fuels Inc.", "US Antimony Corp.", "Sunrise Energy Metals Ltd.", "The Metals Company" зэрэг компаниудын төлөөлөгчид багтсан тухай эх сурвалжууд мэдээлж байна.
Эх сурвалжуудын дурдсанаар зарим компаниуд биечлэн оролцох эсэх, тийм бол аль удирдах албан тушаалтныг илгээхээ хараахан эцэслээгүй байна. Трамптай хамт түүний Үндэсний эрчим хүчний давамгайллын зөвлөлийн удирдагчид болох Дотоод хэргийн нарийн бичгийн дарга Даг Бургум, гүйцэтгэх захирал Жаррод Аген болон Цагааны ордны зөвлөх Дэвид Копли нар оролцох ажээ.
Энэхүү арга хэмжээг зохион байгуулахаар олон долоо хоногийн турш бэлтгэсэн бөгөөд сүүлийн өдрүүдэд эцсийн деталчилсан төлөвлөгөөг гаргахаар яарч, АНУ-ын засгийн газрын хэд хэдэн агентлагийг татан оролцуулсан талаар зарим эх сурвалж дурдлаа.
Цагааны ордны албаны хүн хэлэхдээ, ерөнхийлөгч чухал ашигт малтмалын хөгжлийг дэмжих арга хэмжээг урагшлуулж байгаа тул уул уурхайн салбарын удирдлагуудын түүхэн уулзалтыг засаг захиргаанаас зохион байгуулж байна хэмээв.
Өмнө нь Америкийн татвар төлөгчдөөс "уурхайгаас соронз хүртэлх" нийлүүлэлтийн сүлжээг бүрдүүлэхэд зориулж 10 орчим тэрбум ам.доллар хуваарилжээ. Үүний гол зорилго нь үндэсний аюулгүй байдалд нэн чухал гэж үзэж буй газрын ховор элемент болон чухал бүтээгдэхүүний АНУ дахь үйлдвэрлэлийг найдвартай бэхжүүлэхэд чиглэгдэж байна.
Өнгөрсөн жил БНХАУ автомашин, салхин сэнс, батлан хамгаалахын салбар зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнд өргөн ашиглагддаг зарим газрын ховор эрдэс болон соронзны экспортод хяналт тавьсан юм.



