Энэхүү алхам нь зэс, литий, никель, газрын ховор элемент зэрэг ирээдүйн технологийн гол түүхий эдийн хяналтыг нэмэгдүүлэх стратегийн бодлогын нэг хэсэг болж байна.
Хятад улс сүүлийн жилүүдэд зөвхөн олборлолтоор бус, боловсруулах болон нийлүүлэлтийн сүлжээний бүх шатанд давамгай байр суурь эзэлж байгаа. Тус улс дэлхийн газрын ховор элементийн боловсруулалтын хамгийн том төвүүдийн нэг бөгөөд цахилгаан автомашин, батерей, сэргээгдэх эрчим хүч, өндөр технологийн үйлдвэрлэлийн гол түүхий эдийн зах зээлд хүчтэй нөлөөтэй хэвээр байна.
Шинэ хөрөнгө оруулалтын бүтэц нь Хятадын төрийн болон хувийн компаниудын гадаад дахь уул уурхайн хэлцлийг илүү нэгдсэн байдлаар удирдах, стратегийн ач холбогдолтой ордуудад хөрөнгө оруулах боломжийг нэмэгдүүлэх зорилготой гэж шинжээчид үзэж байна.
Сүүлийн жилүүдэд дэлхийн томоохон эдийн засгууд чухал ашигт малтмалын төлөө өрсөлдөөнөө эрчимжүүлж байна. АНУ, Европын Холбоо, Япон зэрэг орнууд Хятадаас хэт хамааралтай байдлаа бууруулахын тулд өөрийн нийлүүлэлтийн сүлжээг бий болгох бодлого хэрэгжүүлж байгаа бол Хятад улс эсрэгээрээ гадаад дахь уурхайн төсөл, боловсруулах үйлдвэрүүдэд оролцоогоо нэмэгдүүлж байна.
Энэ өрсөлдөөний төвд зэс, литий, никель, кобальт болон газрын ховор элементүүд орж байна. Учир нь эдгээр түүхий эд нь цахилгаан автомашины батарей, хиймэл оюун ухааны дата төв, эрчим хүчний шинэ дэд бүтэц, батлан хамгаалах технологийн үйлдвэрлэлд зайлшгүй шаардлагатай болсон юм.
Хятадын хувьд дотоодын хэрэгцээ өсөж байгаа төдийгүй дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд байр сууриа хадгалах нь стратегийн ач холбогдолтой. Тиймээс уул уурхайн компаниудтай хамтран ажиллах, гадаадын орд газруудад хөрөнгө оруулах, урт хугацааны нийлүүлэлтийн гэрээ байгуулах чиглэлд илүү идэвхтэй ажиллаж эхэлж байна.
Үүний зэрэгцээ дэлхийн уул уурхайн салбар шинэ сорилттой тулгарч байна. Шинэ уурхай нээх хугацаа уртсаж, байгаль орчны шаардлага нэмэгдэж, хөрөнгө оруулалтын зардал өсөж байгаа нь стратегийн металлын нийлүүлэлтийг хязгаарлах хүчин зүйл болж байна.
Шинжээчдийн үзэж байгаагаар ирэх арван жилд ашигт малтмалын өрсөлдөөн зөвхөн үнэ дээр бус, нийлүүлэлтийн аюулгүй байдал дээр төвлөрөх болно. Улс орнууд өөрсдийн үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг хангахын тулд найдвартай түншүүдтэй урт хугацааны хамтын ажиллагаа байгуулах шаардлагатай болж байна.
Монгол Улсын хувьд энэ нөхцөл байдал шинэ боломж авчирч байна. Монгол Улс зэс, нүүрс, алт болон стратегийн ач холбогдолтой бусад ашигт малтмалын нөөцтэй бөгөөд дэлхийн томоохон эдийн засгууд нийлүүлэлтийн шинэ эх үүсвэр хайж байгаа үед хөрөнгө оруулалт татах боломж нэмэгдэж байна.
Ялангуяа зэсийн эрэлт нэмэгдэж, газрын ховор элемент болон критикал минералын ач холбогдол өсөж байгаа нь Монголын уул уурхайн салбарыг зөвхөн экспортлогч бус, бүс нутгийн стратегийн түнш болох боломжийг бий болгож байна.



