Есдүгээр сард нийлүүлэх Комекс (Comex) зэсийн үнэ Нью-Йоркийн зах зээл дээр өдрийн эхний хагаст 3.3%-иар өсөж, нэг фунт нь $6.55 (нэг тонн нь $14,440)-д хүрсэн нь зургааргаар сарын эхээр тогтоосон дээд амжилтаас ердөө 2 хүрэхгүй хувиар бага байна. Лондонгийн металлын биржийн (LME) 3 сарын хугацаатай зэсийн үнэ 1.7%-иар өсөж, нэг тонн нь $13,851 болсноор зургаадугаар сарын 15-наас хойших хамгийн сайн түвшинд хүрсэн юм. Үүний үр дүнд Нью-Йоркийн металл Лондонгоос нэг тонн тутамд бараг $600-ийн премиум буюу илүү өндөр үнэтэй болсон нь даваа гарагийн зөрүүг хоёр дахин нэмэгдүүлжээ. Энэ нь зах зээл дээр АНУ-ын боловсруулсан зэсийн импортод гаалийн татвар ногдуулах магадлалыг дахин үнэлж эхэлснийг харуулж байгаа бөгөөд уг шийдвэр одоо Цагаан ордны гарт байна.
Энэхүү өсөлт нь Хятадын зах зээлээс үүдэлтэй бөгөөд дотоодын зах зээлд шуурхай нийлүүлэх металл олох ямар хүнд байгааг илтгэх хоёр өөр хэмжүүр нэгэн зэрэг дохио өгч байна. Тус улсын дотор Шанхайн фьючерстэй харьцуулахад спот катодын премиум нэг долоо хоногийн өмнө тэг байснаасаа 435 юань ($61) болж өссөн нь өнгөрсөн оны тавдугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
Хилийн боомт дээр импортлогчид Хятад руу зэс оруулахад төлдөг Яньшаны премиум (Yangshan premium) даваа гарагт нэг тонн нь $103-т хүрсэн нь Шанхайн металлын зах зээлийн мэдээллээр 2025 оны тавдугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон бөгөөд нэгдүгээр сарын $20-ийн доод түвшинтэй харьцуулахад эрс өссөн байна.
Шанхайн Фьючерсийн Биржийн хяналтад байдаг агуулахуудын нийлүүлж болох зэсийн нөөц тавдугаар сарын эхэн үетэй харьцуулахад 82%-иар эрс багассан бол LME-ийн нөөц мөн хугацаанд 28%-иар буурчээ. Түүнчлэн Мягмар гарагрын байдлаар LME-ийн систем дэх 296,625 тонн зэсийн 166,025 тонн буюу 56% нь цуцлагдсан захиалга дээр (cancelled warrants) буюу агуулахаас гаргахаар хүлээгдэж байрлаж байна. LME-ийн бэлэн мөнгө болон 3 сарын хэлцлийн зөрүү (cash-to-three-month spread) бууралт руу дөхөж байгаа нь ойрын хугацааны нийлүүлэлт хомсдож байгаагийн шинж юм.
ING компанийн түүхий эдийн стратегич Ева Мантей тэмдэглэхдээ: "Зэсийн үнэ Хятадын зах зээлийн хомсдолоос шалтгаалан өсөж байна" гээд, энэхүү өсөлт цаашид үргэлжлэхийн тулд биет зах зээлийн хомсдол үргэлжилсээр байгааг нотлох баримтууд хэрэгтэй гэдгийг онцолжээ.
Энэхүү хомсдол хайлуулах салбарт ч мөн нөлөөлж байна. Earth-i компанийн SAVANT индекшийн хиймэл дагуулын хяналтаар хоёрдугаар улиралд дэлхийн зэс хайлуулах хүчин чадлын 16% нь ажиллагаагүй байсныг тогтоожээ. Үүнээс Чили улс хамгийн муу үзүүлэлттэй байж, идэвхгүй байдал нь 2019 оноос хойших хамгийн өндөр түвшин буюу 25.4%-д хүрсэн нь тавдугаар сард тус улсын зэсийн олборлолт 12.9%-иар буурсантай давхцаж байна.
Боловсруулалтын хураамж (treatment charges) түүхэн доод түвшинд хүрч буурсан нь үйлдвэрүүдэд хүндээр тусч байна. Тухайлбал, зургадугаар сард ямар нэгэн ажиллах шинж тэмдэг үзүүлээгүй Японы жилд 354,000 тонн зэс боловсруулах хүчин чадалтай Онахүма (Onahama) хайлуулах үйлдвэр 2027 оны эхэн гэхэд баяжмал боловсруулахаа бүрмөсөн зогсоохоор болжээ.
Татварын асуудал Нью-Йоркийн зах зээл дэх үнийн суурийг өндөр түвшинд барьж байна. АНУ-ын Худалдааны яамнаас зургадугаар сарын сүүлээр гаргах ёстой байсан АНУ-ын зэсийн зах зээлийн шинэчилсэн тайлан хойшлогдсоор байгаа бөгөөд боловсруулсан зэсэд үе шаттайгаар татвар ногдуулах эсэх (2027 оны нэгдүгээр сараас 15%, 2028 онд 30% болгон өсгөх) эсэх шийдвэрийг Ерөнхийлөгч гаргах юм. Татварын хүлээлтээс үүдэн Комекс агуулахууд дараалан 8 улирал нөөцөө бүрдүүлсний үр дүнд рекорд буюу 630,000 гаруй тонн зэс хуримтлагдаад байна.
Мягмар гарагт геополитикийн нөхцөл байдал хоёр талтай нөлөөлсөн юм. Зуучлагчид АНУ-Ираны хооронд 10 хоногийн гал зогсоох санал тавьсан тухай мэдээлэл гарснаар газрын тосны үнэ өглөөний арилжаагаар 1%-иас илүү буурч, хөнгөн цагаан, цайр, никель, цагаан тугалга зэрэг үйлдвэрлэлийн бусад металлуудын эрсдэл хүлээх дуршилыг дэмжжээ.
Үүний зэрэгцээ Йемений Хуситууд Саудын Арабт далайн бүслэлт тогтооно гэж мэдэгдэж, Ормузын хоолой дахь нэгэн танкер оньсого мэт үл мэдэгдэх шидэгч зүйлд өртөж цохигдсон нь хүхрийн нийлүүлэлтэд заналхийлж эхэлснийг ОУЭА (IEA) анхааруулсан нь уусган баяжуулах аргаар зэс олборлоход сөргөөр нөлөөлөх эрсдэлийг хэвээр үлдээв.
Зэс олборлогч компаниудын хувьцааны ханш ч үүнийг даган өссөн байна. Нью-Йоркийн зах дээр өдрийн эхний хагаст Southern Copper компанийн хувьцаа 6.5%, Freeport-McMoRan компанийн хувьцаа 6.3%-иар өссөнөөр Freeport-ийн оны эхнээс хойших өсөлт 23%-д хүрсэн бол АНУ-ын томоохон үйлдвэрлэгч хоёрдугаар улирлын санхүүгийн үр дүнгээ тайлагнахаас хоёр хоногийн өмнө ийнхүү өсөлт үзүүллээ. Мөн бусадмонопол компаниуд болох Teck Resources 3.7%, BHP 3.6%, Glencore 3%, Rio Tinto 2%, Lundin Mining 6.7%, First Quantum 5.9% тус тус өссөн байна.
Одоогийн байдлаар зэсийн үнэ Нью-Йоркт энэ жил 16%, Лондонд 10% орчим тус тус өсөөд байна.



