USD3,585
JPY22.1
CNY527
RUB46.2
KRW2.3
EUR4,092
GBP4,748
AUD2,472
USD3,585
JPY22.1
CNY527
RUB46.2
KRW2.3
EUR4,092
GBP4,748
AUD2,472
Ачаалж байна...
Алтны үнэ суларч, 4,000 ам.долларын босго алдагдав.
Эдийн засаг

Алтны үнэ суларч, 4,000 ам.долларын босго алдагдав.

Олон улсын алтны зах зээл өнгөрсөн долоо хоногт хүчтэй савлаж, нэг унц алтны спот үнэ сүүлийн хоёр долоо хоногийн хамгийн доод түвшинд хүрэн 4,000 ам.долларын сэтгэлзүйн чухал босгыг түр хугацаанд алдлаа.

Алтны үнэ суларч, 4,000 ам.долларын босго алдагдав.

Б.Мөнхбат

2026 оны долоодугаар сарын 20

Хуваалцах:

Зах зээлийн оролцогчид Ойрхи Дорнод дахь геополитикийн хурцадмал байдал, газрын тосны үнийн өсөлт болон АНУ-ын Холбооны Нөөцийн Сан (Federal Reserve)-гийн бодлогын хүүгийн төлөвийг голлон анхаарч байна.

Шинжээчдийн үзэж буйгаар, геополитикийн эрсдэл нэмэгдэх үед алт уламжлал ёсоор "аюулгүй хөрөнгө" гэж тооцогддог ч энэ удаагийн нөхцөл байдалд газрын тосны үнийн өсөлт инфляцын дарамтыг дахин нэмэгдүүлж, АНУ бодлогын хүүгээ өндөр түвшинд удаан хадгалах магадлалыг өсгөжээ. Үүний улмаас АНУ-ын Засгийн газрын бондын өгөөж болон ам.долларын ханш чангарч, хүүгийн орлого өгдөггүй алтны хөрөнгө оруулалтын сонирхол буурсан байна.

Reuters агентлагийн мэдээлснээр өнгөрсөн долоо хоногт спот алтны үнэ 2 орчим хувиар буурч, нэг унц нь 3,984.64 ам.долларт хүрсэн бол COMEX-ийн алтны фьючерс 3,992.10 ам.долларт хаагдсан нь сүүлийн өдрүүдийн хамгийн сул үзүүлэлтүүдийн нэг болов. Мөн мөнгө, платин, палладийн үнэ ч даган буурсан нь хөрөнгө оруулагчид эрсдэлтэй хөрөнгөөс илүү ам.доллар болон бонд руу хөрөнгө шилжүүлж буйг харуулж байна.

Дэлхийн Алтны Зөвлөл (World Gold Council)-ийн долдугаар сарын дунд хугацааны тайланд дурдсанаар алт он гарсаар ойролцоогоор 7 хувиар буурсан хэдий ч өнгөрсөн 12 сарын гүйцэтгэлээрээ хамгийн өндөр өгөөжтэй хөрөнгийн нэг хэвээр байна. Тайланд геополитикийн тодорхойгүй байдал, төв банкуудын худалдан авалт болон урт хугацааны хөрөнгө оруулалтын эрэлт алтны үнийг дэмжсээр байгаа гэж онцолжээ.

Нөгөө талаас БНХАУ-ын Төв банк алтны нөөцөө дараалан 20 дахь сардаа нэмэгдүүлсэн нь төв банкуудын худалдан авалт үргэлжилж байгааг харуулж байна. Энэ нь урт хугацаанд алтны зах зээлд суурь дэмжлэг үзүүлэх гол хүчин зүйлсийн нэг гэж шинжээчид үнэлж байна.

Зах зээлийн оролцогчид одоо АНУ-ын эдийн засгийн дараагийн үзүүлэлтүүд болон Холбооны Нөөцийн Сангийн дараагийн хурлын дохиог анхааралтай ажиглаж байна. Хэрэв инфляц өндөр хэвээр хадгалагдаж, газрын тосны үнэ өсөлтөө үргэлжлүүлбэл бодлогын хүү нэмэгдэх магадлал хэвээр үлдэх бөгөөд энэ нь алтны үнэд богино хугацаанд дарамт үзүүлэх төлөвтэй байна. Харин инфляц саарч, мөнгөний бодлого зөөлрөх дохио гарвал алт дахин сэргэлт үзүүлэх боломжтой гэж зах зээлийн шинжээчид үзэж байна.

Ийнхүү алтны зах зээлд богино хугацааны савлагаа өндөр хэвээр байгаа ч төв банкуудын худалдан авалт, геополитикийн тодорхойгүй байдал, хөрөнгө оруулагчдын эрсдэлийн удирдлагын хэрэгцээ зэрэг урт хугацааны хүчин зүйлс алтны үнэд суурь дэмжлэг болсоор байна. Иймээс ойрын өдрүүдэд АНУ-ын мөнгөний бодлого болон дэлхийн эрчим хүчний зах зээлийн өөрчлөлт алтны үнийн дараагийн чиглэлийг тодорхойлох гол хүчин зүйл хэвээр байх төлөвтэй байна. 


Сэтгэгдэл

0 / 50
0 / 1000