Энэхүү шийдвэр нь өмнө нь Tesla болон Хятадын цахилгаан автомашин үйлдвэрлэгчдийн хэрэгжүүлсэн ижил алхмын үргэлжлэл бөгөөд JPMorgan банкны тооцоолсноор зөвхөн энэ онд дэлхийн зэсийн эрэлтийн ойролцоогоор 2 хувьд нөлөөлөх хэмжээний өөрчлөлтийг авчрах төлөвтэй байна.
Шинжээчдийн үзэж буйгаар зэсийн үнэ нийлүүлэлтийн хомсдол болон сэргээгдэх эрчим хүч, дата төвүүдийн өсөн нэмэгдэж буй эрэлтээс шалтгаалан урт хугацаанд өсөх төлөвтэй байгаа тул ирэх жилүүдэд зэсийг хөнгөн цагаанаар орлуулах хэмжээ улам нэмэгдэх боломжтой байна.
Reuters агентлагийн автомашин үйлдвэрлэгчид, кабелийн компаниуд, агааржуулалтын тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид, металл үйлдвэрлэгчид болон зөвлөх байгууллагуудтай хийсэн ярилцлагаас үзэхэд олон салбарын компаниуд харьцангуй хямд үнэ, ойролцоо гүйцэтгэлийн үзүүлэлт бүхий хөнгөн цагааныг сонгож эхэлжээ.
Ferrari компани автомашиныхаа их бие, хөдөлгүүр, явах ангид аль хэдийн хөнгөн цагаан ашигладаг байсан бөгөөд өнгөрсөн оноос эхлэн 296 Hybrid загварын өндөр хүчдэлийн цахилгаан кабельд мөн энэхүү материалыг ашиглаж эхэлсэн байна. Үүний дараа өнгөрсөн сард танилцуулсан анхны бүрэн цахилгаан автомашин болох Luce зэрэг шинэ загваруудад ч хөнгөн цагаан утсыг нэвтрүүлжээ.
Ferrari компанийн харилцаа холбооны албаны ажилтан Дарио Эспозито хэлэхдээ:
"Бид хөнгөн цагааныг хямд учраас биш, илүү сайн гүйцэтгэл үзүүлдэг учраас сонгож байгаа."
Гэсэн хэдий ч хөнгөн цагааны үнэ зэстэй харьцуулахад хамаагүй бага хэвээр байна. Одоогийн байдлаар нэг тонн хөнгөн цагаан ойролцоогоор 3,100 ам.долларын үнэтэй байгаа нь зэсийн үнийн дөрөвний нэг орчим юм.
Мөн Ferrari-ийн мэдээлснээр хөнгөн цагаан кабель ашигласнаар автомашины нийт цахилгаан утасны жинг 20 хүртэл хувиар бууруулдаг байна.
Германы автомашин үйлдвэрлэгч BMW компани хөнгөн цагаан дамжуулагчийг анх 2011 онд 1 Series загварт ашиглаж эхэлсэн бөгөөд түүнээс хойш гибрид болон цахилгаан автомашинуудад үе шаттайгаар өргөжүүлжээ.
Одоогоор компанийн өнгөрсөн онд танилцуулсан eDrive шинэ үеийн цахилгаан хөдөлгүүрийн технологид өндөр болон нам хүчдэлийн системүүдийн аль алинд нь олон тооны хөнгөн цагаан кабель ашиглаж байна.
Мөн дэлхийн дөрөв дэх том автомашин үйлдвэрлэгч Stellantis компани ч зэс утсыг хөнгөн цагаанаар солих ажлыг эхлүүлсэн талаар салбарын эх сурвалж мэдээлсэн ч компани энэ талаар тайлбар өгөхөөс татгалзжээ.
Хятадын цахилгаан автомашины эд анги үйлдвэрлэгч JONVER компанийн борлуулалтын захирал Фэн Лу-гийн мэдээлснээр тус компанийн хөнгөн цагаан утасны бүтээгдэхүүний борлуулалт 2023 онд нийт борлуулалтын 20 хувийг эзэлж байсан бол энэ онд 30 хувь болж өссөн байна.
Норвегийн хөнгөн цагаан үйлдвэрлэгч Hydro мөн агааржуулалт, халаалтын системд ашигладаг хөнгөн цагаан хоолойн борлуулалт тогтвортой өсөж байгааг мэдээлжээ. Компанийн санхүү хариуцсан захирал Тронд Олаф Кристофферсен ирэх жилүүдэд хөнгөн цагаан энэ салбарт зэсийг улам эрчимтэй орлох тул зах зээлийн эзлэх хувь нь нэмэгдэнэ гэж үзэж байна.
Дэлхийн хоёр дахь том кабель үйлдвэрлэгч Францын Nexans компанийн төлөөлөгч Ксавье Матьегийн хэлснээр үйлдвэрлэгчид тодорхой хэрэглээнд илүү сайн үзүүлэлттэй тул зэсийг өндөр үнэтэй байсан ч ашигласаар байдаг. Харин зэсийн үнэ хөнгөн цагаанаас 3.5 дахин өндөр болсон үед үйлдвэрлэгчид хөнгөн цагаан руу шилжих хандлага эрс нэмэгддэг аж.
Одоогийн байдлаар дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ хөнгөн цагааны үнээс 4.2 дахин өндөр байгаа нь энэхүү шилжилтийг улам эрчимжүүлж байна.
Гэсэн хэдий ч зэсийг бүрэн орлох үйл явц амаргүй хэвээр байна. АНУ-ын импортын тариф, хөнгөн цагаан үйлдвэрлэхэд шаардагдах их хэмжээний эрчим хүч, түүнээс үүдэх нүүрстөрөгчийн ялгаруулалт зэрэг асуудал компаниудын шийдвэрт нөлөөлж байна.
Мөн хөнгөн цагаан нь хямд боловч цахилгаан дамжуулах чадвар нь зэсээс бага тул ижил хэмжээний цахилгаан дамжуулахын тулд илүү их хэмжээний материал ашиглах шаардлагатай байдаг.
Гэсэн ч JPMorgan-ийн төсөөллөөр 2030 он гэхэд дэлхийн зэсийн жилийн эрэлтийн 6 хүртэлх хувийг хөнгөн цагаан орлох боломжтой бөгөөд энэ онд уг үзүүлэлт ойролцоогоор 2 хувь байна.
Дэлхийн хамгийн том металл хэрэглэгч болох Хятад улс 2025 оны гуравдугаар сард гаргасан бодлогын баримт бичигт компаниудаа зэсийн оронд хөнгөн цагаан ашиглахыг уриалсан бөгөөд олон үйлдвэрлэгч энэ бодлогыг хэрэгжүүлж эхэлжээ.
Zhuochuang зөвлөх байгууллагын шинжээчдийн тооцоолсноор 2030 он гэхэд эрчим хүч, автомашин, гэр ахуйн цахилгаан хэрэгслийн салбарт өнөөдөр зэсээр үйлдвэрлэж байгаа эд ангийн 25–30 хувийг хөнгөн цагаанаар орлуулах боломжтой байна.
Инженерийн зөвлөх Caresoft Global компанийн ерөнхийлөгч Терри Войчовскийн мэдээлснээр AVATR, XPeng, Xiaomi зэрэг Хятадын цахилгаан автомашин үйлдвэрлэгчид аль хэдийн хөнгөн цагаан утас ашиглаж эхэлжээ. Харин Tesla энэ чиглэлийн анхдагчдын нэг бөгөөд 2019 онд Model Y, түүнээс хойш Cybertruck загвартаа хөнгөн цагаан утсыг нэвтрүүлсэн юм.
Хөнгөн жинтэй материал ашигласнаар цахилгаан автомашины нийт жин буурч, нэг удаагийн цэнэгээр туулах зай нэмэгддэг нь үйлдвэрлэгчдийн хувьд чухал давуу тал болдог. Ялангуяа Хятадын цахилгаан автомашины зах зээл дэх ширүүн үнийн өрсөлдөөний үед үйлдвэрлэлийн өртгийг бууруулах нь компаниудын ашигт ажиллагааг хадгалах гол арга хэмжээний нэг болж байна.
Hydro компанийн мэдээлснээр өнөөдрийн байдлаар цахилгаан автомашины батарей болон үндсэн системүүдийг холбодог цахилгаан дамжуулагчийн 85 орчим хувь нь зэсээр үйлдвэрлэгдэж байгаа бөгөөд цаашид энэ зах зээлд хөнгөн цагаан эзлэх байр сууриа эрчимтэй тэлэх төлөвтэй байна.



