2026 оны 7 сарын 1, Лхагва
USD3,585
JPY22.1
CNY527
RUB46.2
KRW2.3
EUR4,092
GBP4,748
AUD2,472
USD3,585
JPY22.1
CNY527
RUB46.2
KRW2.3
EUR4,092
GBP4,748
AUD2,472
Ачаалж байна...
“PwC”: Дэлхийн уул уурхайн салбарын 2026 оны төлөв байдал
Уул уурхай

“PwC”: Дэлхийн уул уурхайн салбарын 2026 оны төлөв байдал

Дэлхийн уул уурхайн салбар нь геополитикийн тогтворгүй байдал, эрчим хүчний шилжилтийн эрэлт хэрэгцээ болон хөрөнгө оруулалтын бүтцийн өөрчлөлт зэрэг сорилтуудтай тулгарч байгаа хэдий ч санхүүгийн тогтвортой гүйцэтгэлийг үзүүлсээр байна.

“PwC”: Дэлхийн уул уурхайн салбарын 2026 оны төлөв байдал

Б.Мөнхбат

2026 оны зургаадугаар сарын 25

Хуваалцах:

Энэ тухай “PwC” байгууллагын дэлхийн уул уурхайн салбарын сүүлийн үеийн Mine 2026: Ambition to Action тайланд дурдагдсан бөгөөд уг тайланд дурдсанаар дэлхийн шилдэг 40 уул уурхайн компани 2025 оны санхүүгийн жилд үнэмлэхүй өсөлт үзүүлжээ. Түүхий эдийн үнийн өсөлт болон зардлын сахилга баттай менежментийн үр дүнд уул уурхайн эдгээр 40 компанийн нийт орлого 3.3 хувиар өсөж 909 тэрбум ам.долларт, харин цэвэр ашиг нь 120 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Энэ оны 6-р сарын 25-ны өдөр тус тайлангийн гол үр дүнг танилцуулах үеэр “PwC Өмнөд Африк” компанийн эрчим хүч, нийтийн аж ахуй болон байгалийн баялгийн салбар хариуцсан захирал Andries Rossouw дэлхийн шилдэг 40 уул уурхайн компани өөрсдийн амбицаа бодит ажил хэрэг болгохыг зорьж байгааг онцоллоо. Үүний тулд засгийн газруудын зүгээс тогтвортой хөрөнгө оруулалт болон ашигт ажиллагааг дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай юм.

Критикал минерал буюу нэн чухал ашигт малтмалын өсөн нэмэгдэж буй эрэлтийг хангахын тулд компаниуд үр ашигтай, уян хатан байдлаа сайжруулахын зэрэгцээ үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх ёстойг тайланд онцлон тэмдэглэжээ.

Andries Rossouw-ийн хэлснээр, Өмнөд Африкийн засгийн газар хөрөнгө оруулалт, баяжуулалт болон аж үйлдвэрийн цар хүрээг тэлэхэд таатай нөхцөлийг бүрдүүлэх замаар тус улсын ашигт малтмалын нөөц бололцоог ашиглахыг зорьж байна. Гэвч тус улсын стратеги нь одоогоор бодит үр дүн харуулахаас илүүтэй оношилгооны шатандаа байна гэдгийг тэрбээр тэмдэглэв.

Andries Rossouw гол чиг хандлагуудыг дурдахдаа бүтээмж болон технологийг онцолсон бөгөөд хиймэл оюун ухааныг (AI) нэвтрүүлснээр уул уурхайн компаниудын өгөөжийг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлнэ гэж үзэж байна. Тус компанийн шинжилгээнээс үзэхэд хиймэл оюун ухааныг нэвтрүүлж буй тэргүүлэгч компаниуд бусад өрсөлдөгчидтэйгөө харьцуулахад бүтээмжийг 7.2 дахин илүү хүртэх боломжтой аж.

"PwC" уул уурхайн салбарын ирээдүйг тодорхойлох гурван чухал хөшүүргийг нэрлэсэн бөгөөд үүнд, бодлогын хөшүүрэг, хөрөнгийн хөшүүрэг болон технологиор дамжуулан бүтээмжийг нэмэгдүүлэх зэрэг багтаж байна.

Эхний хөшүүргийн хувьд, компаниуд болон улс орнууд бодлогын тогтвортой байдал, хөрөнгийн хүртээмж, боловсруулах хүчин чадлыг сайжруулах замаар төслүүдээ хөрөнгө оруулалт татах чадвартай болгож, байгалийн баялгийн давуу талыг ашиглах нь зүйтэй. “Геологи нь уул уурхай хаана хөгжихийг тодорхойлдог бол бодлого, хөрөнгө оруулалт болон чадавхи нь үнэ цэнийг хэн хүртэхийг шийддэг" гэж Andries Rossouw тайлбарлав.

Өмнө дурдсанчлан, засгийн газрууд уул уурхайн төслүүдийг үр ашигтай, өрсөлдөх чадвартай байлгахын тулд тогтвортой зохицуулалтын орчин болон хөрөнгө оруулалтын урамшууллыг хэрэгжүүлэх ёстой гэжээ. “PwC”-ийн үзэж байгаагаар бодлогын тодорхой байдал, зөвшөөрөл олгох үйл явцын үр ашиг, мөн дундын шатны (midstream) боловсруулах чадавхи нь урт хугацааны үнэ цэнийг бий болгох гол хүчин зүйл болно.

Хоёрдахь хөшүүргийн хувьд, хөрөнгө оруулалтын зөрүүг арилгах шаардлагатай бөгөөд үүнд санхүүжилтийн шинэлэг бүтэц, төр, хувийн хэвшлийн түншлэл, түүнчлэн бүтээгдэхүүн худалдан авах урьдчилсан гэрээ (offtake agreements) болон үнийн баталгаа зэрэг механизмуудыг ашиглах хэрэгтэй байна. Одоогийн байдлаар уул уурхайн хөгжлийн хөрөнгө оруулалт 55 тэрбум ам.доллар орчим байгаа бөгөөд энэ нь дэлхийн эрчим хүчний системд жил бүр хөрөнгө оруулалт хийгддэг 3.3 их наяд ам.долларын өчүүхэн хувийг эзэлж байна.

Гуравдахь хөшүүргийн хувьд, бүтээмж нь стратегийн төвлөрөх гол чиглэл болж байгаа бөгөөд хиймэл оюун ухаан болон дижитал технологиуд нь салбарыг өөрчлөх өндөр боломжийг олгож байна. Гэсэн хэдий ч уул уурхайн салбар нь хиймэл оюун ухаанд бэлэн байдлын зэргээрээ бусад салбаруудын дунд хамгийн доогуур байранд жагсаж байгаа нь үр ашгийг нэмэгдүүлэх боломжийг хязгаарлаж байна гэж тайланд дурджээ.

Мөн тайлангаас үзэхэд түүхий эдийн нэр төрлөөс хамааран гүйцэтгэл харилцан адилгүй байна. Үнэт металл болон зэс нь ашигт ажиллагааг нэмэгдүүлж, зах зээлийн өсөлтийг тэргүүлсэн бөгөөд зэсийн орлого хүчтэй өссөн үзүүлэлттэй гарчээ.

Компаниудын нэгдэх, худалдан авах үйл ажиллагаа (M&A) идэвхтэй хэвээр байгаа ч сонголттой хийгдэж байна. Хэлцлийн нийт дүн 70 тэрбум ам.доллароос давсан бөгөөд голчлон лити, зэс зэрэг ирээдүйн чиг хандлагад нийцсэн түүхий эдүүдэд чиглэгджээ.

“PwC”-ийн таамаглаж буйгаар энэ онд өсөлтийн эрч хүч хэвээр хадгалагдаж, уул уурхайн салбарын нийт орлого 1.04 их наяд ам.долларт, харин цэвэр ашиг нь 184 тэрбум ам.долларт хүрч өсөх төлөвтэй байна.

Уул уурхайн дараагийн шатны амжилт нь бодлого, хөрөнгө оруулалт, технологийг нөөцийн бэлэн байдалтай хэрхэн уялдуулж чадахаас шууд хамаарна гэж тайланд тэмдэглэжээ.

“Хурдтай өөрчлөгдөж буй дэлхийн зах зээлд хэн үнэ цэнийг барьж чадахыг сахилга баттай гүйцэтгэл болон инноваци тодорхойлно” хэмээн тайланд онцлоод, уул уурхайн компаниуд, засгийн газрууд болон хөрөнгө оруулагчид амбицаа ажил хэрэг болгохын тулд заавал хамтран ажиллах ёстойг дурдсан байна.

Сэтгэгдэл

0 / 50
0 / 1000