Энэхүү түншлэл нь хамгийн багадаа 5 тэрбум ам.долларын үнэ цэнийг бий болгож, ирэх 21 жилийн хугацаанд зэсийн үйлдвэрлэлийг 2.7 сая тонноор нэмэгдүүлэх ач холбогдолтой юм байна.
Уурхайн хамтарсан төлөвлөгөө хэрэгжсэнээр Сантьяго хотоос зүүн хойд зүгт зэсийн томоохон бүсийг бий болгох бөгөөд хөрөнгө оруулалтын нэмэлт зардал багатайгаар жилд дунджаар 120,000 тонн өртөг багатай зэсийг нэмэлтээр олборлож, түншүүд тэнцүү хуваан авахаар тохиролцсон байна. Төслийг хэрэгжүүлэхэд байгаль орчны зөвшөөрөл болон бусад ердийн нөхцөлүүдийг хангах шаардлагатай байгаа бөгөөд компаниуд эдгээр зөвшөөрлийг 2030 он гэхэд авна гэж тооцоолжээ.
Энэхүү гэрээ нь уул уурхайн томоохон компаниуд өндөр өртөгтэй шинэ төсөл (greenfield) эхлүүлэхээс илүүтэйгээр хамтын ажиллагааны тусламжтайгаар одоо байгаа хөрөнгийнхөө гарцыг дээд зэргээр нэмэгдүүлэхийг зорьдог болсон олон улсын чиг хандлагын илрэл юм. Лос Бронсес болон Андина уурхайн төлөвлөгөөг нэгтгэснээр Англо болон Коделко компаниуд Чили улсын дэлхийн хамгийн том зэсийн үйлдвэрлэгч гэх байр суурийг бэхжүүлэхийн зэрэгцээ тус улсын үндэсний зэсийн үйлдвэрлэлийг 2030 он гэхэд жилд зургаан сая тоннд хүргэх зорилтыг тавьж байгаа юм. Энэхүү гэрээ нь тус компаниуд болон тэдний түншүүд болох Мицубиши Корпораци, Мицуи нарын хооронд олон жилийн турш хийсэн хэлэлцээрийн үр дүнд бүтсэн бөгөөд дэлхийн хэмжээнд зэсийн салбарын хамгийн том хамтын ажиллагааны гэрээнүүдийн нэгд тооцогдож байна. Зэргэлдээ орших эдгээр уурхайнууд нь дэлхийн хамгийн чухал зэсийн нөөцийг агуулдаг бөгөөд уурхайн олборлолтын дараалал, дэд бүтцийн ашиглалт болон ирээдүйн хөгжлийг оновчтой болгох асар их боломжийг олгож байгаа юм.



