Хятад улс энэ онд зарим төрлийн вольфрамын нийлүүлэлтээ бараг бүрэн зогсоосон байна. Түүнчлэн соронзны экспорт өнгөрсөн сард 2025 оны 5-р сараас хойших хамгийн доод түвшинд хүртлээ буурчээ. 2025 оны тухайд Хятад улс экспортын хяналтын дэглэмээ дэлхий даяар хэрэгжүүлж эхэлснээр тээвэрлэлт огцом унаад байсан юм. Хятадын тал ийнхүү бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтээ хумих болсон нь өнгөрсөн оны 11-р сард Япон улс Тайваний талаар мэдэгдэл хийсэнтэй холбоотой гэж шинжээчид үзэж байна.
Хэрэв энэ нөхцөл байдал үргэлжилсээр байвал бид мэдээж Хятадын засгийн газартай хэлэлцээ хийх шаардлагатай болно" гэж вольфрамын томоохон худалдан авагч болох "Sumitomo Electric Industries" компанийн ТУЗ-ийн дарга бөгөөд Гүйцэтгэх захирал Масаёши Мацүмото Даваа гарагт Бээжинд болсон аж үйлдвэрийн үзэсгэлэнгийн үеэр Блүүмберг агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэрээр үргэлжлүүлэн "Хэрэв бид Хятадын зах зээлээс шахагдвал энэ нь Японы үйлдвэрлэлийн салбарт гарцаагүй асуудал үүсгэх болно" хэмээсэн байна.
Японы автомашины үйлдвэрүүдийн нарийн багаж хэрэгсэлд ашиглагддаг металл болох вольфрамын нийлүүлэлт он гарсаар Хятадын талаас бүрэн зогсчээ. Энэ нь Япон улсын хувьд тун хүнд байдлыг үүсгэж байгаа бөгөөд Японы автомашины үйлдвэрлэл нь эдийн засгийнх нь тулгуур багана, тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүнийн эргэлтийн орчимд 10 хувийг бүрдүүлдэг байна.
LED дэлгэц болон хагас дамжуулагчийн тоног төхөөрөмжид ашиглагддаг иттриумын Японд хийх экспорт одоогоор өмнөх оны нийт хэмжээний дөнгөж 1.13 хувьтай тэнцэж байна. Цэргийн үйлдвэрлэлд нэн чухал үүрэгтэй, хязгаарлалтад орсон хүнд ховор газрын элементүүдийг багтаасан химийн бодисын сүүлийн гурван сарын дундаж хэмжээ 3-5 дугаар сарын хооронд 2023 оноос хойших хамгийн доод түвшиндээ хүрчээ.
Японы компаниудын цахилгаан автомашины өндөр хүчин чадалтай соронз үйлдвэрлэхэд ашигладаг диспрозиум болон тербиумын Хятадын экспорт энэ онд бүхэлдээ тэг зогсоод байна.



