2026 оны 7 сарын 1, Лхагва
USD3,585
JPY22.1
CNY527
RUB46.2
KRW2.3
EUR4,092
GBP4,748
AUD2,472
USD3,585
JPY22.1
CNY527
RUB46.2
KRW2.3
EUR4,092
GBP4,748
AUD2,472
Ачаалж байна...
БНХАУ-ын коксжих нүүрсний импорт өсөх төлөвтэй байна.
Эдийн засаг

БНХАУ-ын коксжих нүүрсний импорт өсөх төлөвтэй байна.

Гангийн үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд болох коксжих нүүрсний Хятад улс дахь импортын хэмжээ уурхайн ослын улмаас дотоодын нийлүүлэлт хумигдсанаар энэ онд цаашид ч өсөх хандлагатай байгааг арилжаачид мэдээлж байна.

БНХАУ-ын коксжих нүүрсний импорт өсөх төлөвтэй байна.

Б.Мөнхбат

2026 оны зургаадугаар сарын 22

Хуваалцах:

Тавдугаар сарын сүүлээр гарсан уг ослын дараа Хятадын нүүрсний хамгийн том бүс болох хойд нутгийн Шаньси мужийн 155 нүүрсний уурхайн үйл ажиллагааг аюулгүй байдлын шалгалт хийх зорилгоор зогсоосон байна. Үүний улмаас Хятадын импортлогчид 6 болон 7 дугаар сард нийлүүлэгдэх нүүрсний захиалгаа Канад, Австрали зэрэг орнуудын үйлдвэрлэгчид рүү чиглүүлж эхэлжээ. Уурхайнууд хаагдсан нь дотоодын зах зээл дээрх коксжих нүүрсний үнийг огцом өсгөхөд хүргэсэн юм.

Зах зээлийн судалгааны "Mysteeel" агентлагийн судалгаанаас үзвэл, 6 дугаар сарын 17-ны байдлаар үйл ажиллагаа нь зогссон уурхайнуудын үйлдвэрлэлийн хүчин чадлын 64 орчим хувь нь сэргээд байна. Гэсэн хэдий ч олборлолтын хэмжээ ослын өмнөх түвшинд хүрч чадахгүй хэвээр байгааг "Gent Commodity" арилжааны компанийн менежер Жонни Дэн Пүрэв гарагт Сингапурт болсон коксжих нүүрсний чуулга уулзалтын үеэр мэдэгдэв.

Тэрээр уурхайнуудын хүчин чадал ашиглалтын түвшин өмнө нь 105%-иос 110%-тай байсан бол одоо дунджаар 70%-иас 80% болж буурна гэсэн хүлээлттэй байна.

Жонни Дэн "Ослоос үүдэн үнэ огцом өссөний дараа бид Канадаас хэд хэдэн багц нүүрс худалдан авч, Хятад руу импортолсон" хэмээн хэллээ.

Коксжих нүүрсний фьючерс үнэ 6 дугаар сарын 8-нд сүүлийн 19 сарын хамгийн дээд цэг буюу тонн нь 1,486.5 юаньд хүрсэн ч энэ долоо хоногт 5 хувиар эргэн буураад байна.

Урьдчилсан мөрдөн байцаалтаар уурхайнуудад аюулгүй байдлын нэмэлт зөрчлүүд илэрсэн бөгөөд засгийн газрын зүгээс бүхий л боломжоо дайчлан нарийвчлан шалгахаа амласан талаар тус улсын Төрийн мэдээллийн хэрэгслүүд өнгөрсөн сард мэдээлсэн юм.

"Exen Resources" арилжааны компанийн ахлах менежер Эдвин Йео уурхайнууд үйл ажиллагаагаа дахин эхлүүлсэн ч зах зээлд 20-30 сая тонны хомсдол үүснэ гэж таамаглаж байна.

Тэрээр чуулга уулзалтын үеэр "Энэхүү хомсдол нь ялангуяа Орос, Монголоос нийлүүлэх боломжгүй, өндөр зэрэглэлийн (чанартай) нүүрсний ангилалд илүү мэдрэгдэнэ" хэмээн онцолжээ.

Хятадын гангийн үйлдвэрлэл 4.1 хувиар буурсан хэдий ч Монгол зэрэг гол үйлдвэрлэгчдийн нийлүүлэлт нэмэгдсэн, мөн хилийн ложистик сайжирсны ачаар эхний дөрвөн сарын коксжих нүүрсний импорт өнгөрсөн оны мөн үеийн доод түвшинтэй харьцуулахад 20 хувиар өссөн.

Хятадын импорт ийнхүү нэмэгдсэн нь дэлхийн зах зээл дэх нүүрсний нийлүүлэлтийн төлөөх өрсөлдөөнийг улам ширүүн болгож болзошгүй гэсэн болгоомжлолыг дагуулж байна.

Гэсэн хэдий ч гангийн үйлдвэрлэлийн ашиг хумигдаж, эрэлт тодорхойгүй байгаа энэ үед зарим арилжаачид болон ган үйлдвэрлэгчид Хятад руу коксжих нүүрс импортлохдоо болгоомжтой хандаж байна.

Мөн түүнчлэн дотоодын коксжих нүүрс болон импортын нүүрсний үнийн зөрүү багассан нь гаднаас авах тээвэрлэлтийг нэмэгдүүлэх хөшүүргийг бууруулж байна гэж арилжаачид тэмдэглэжээ.

Сэтгэгдэл

0 / 50
0 / 1000