Ингэснээр тус компани Австралийн нүүрсний томоохон үйлдвэрлэгчдийн дунд байр сууриа улам бэхжүүлж байна.
Тус компани Боуэн сав газарт (Bowen Basin) байрлах уг уурхайн хяналтын багцыг хувийн хөрөнгө оруулалтын EMR Capital болон Индонезын Adaro Energy компаниудаас худалдаж авч байгаа юм. Хэлэлцээрийн дагуу эхний ээлжид 1.85 тэрбум ам.долларын урьдчилгаа төлбөр төлөх бөгөөд үлдэгдэл 550 сая ам.долларыг ирэх таван жилийн хугацаанд тодорхой нөхцөлтэйгээр хуваан төлөх ажээ.
Yancoal худалдан авалтын санхүүжилтийг өөрийн бэлэн мөнгөний нөөц болон 1.2 тэрбум ам.долларын синдикат зээлээр шийдвэрлэхээр төлөвлөж байна. Хятадын Yankuang Energy -ийн охин компани болох Yancoal-ийн зүгээс Кестрел уурхай нь тэдний одоогийн эзэмшиж буй Middlemount болон Yarrabee уурхайнуудтай ойр оршдог тул бүс нутаг дахь үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулна гэж үзэж байна.
Гүйцэтгэх захирал Сиаруш Бурра (Siirush Burra) мэдэгдэлдээ "Энэхүү стратегийн худалдан авалт нь манай компанийн багцад өндөр чанартай актив нэмж байгаа явдал юм. Кестрел уурхай нь Yancoal-ийн үйлдвэрлэлийн цар хүрээг тэлж, бүтээгдэхүүний бүтцийг төрөлжүүлэн, дээд зэрэглэлийн металлургийн нүүрсний нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ" хэмээн онцолжээ.
Ташрамд дурдахад, EMR болон Adaro нар уг уурхайн 80 хувийг 2018 онд Рио Тинто компаниас 2.25 тэрбум ам.доллараар худалдаж авч байсан юм. Харин уурхайн үлдсэн 20 хувийг Японы Mitsui & Co. эзэмшдэг хэвээр үлдэнэ.



