Түүнчлэн тэд Хятадын төрийн өмчит худалдан авагч компанийн зүгээс үнээ бууруулах, гэрээний нөхцөлийг сайжруулах гэсэн хүчтэй шахалттай тулгараад байгаа юм.
Дэлхийн хоёр дахь том ган үйлдвэрлэгч болоод буй Энэтхэг улс одоогийн 168 сая тонн байгаа үйлдвэрлэлийн хэмжээгээ 2035/2036 он гэхэд 400 сая тоннд хүргэж, хоёр дахин нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.
Энэ нь Хятадын г нэг тэрбум тонн орчим үйлдвэрлэлтэй харьцуулахад багахан хэсэг хэдий ч тус шинэ зорилтод хүрэхийн тулд асар их хэмжээний төмрийн хүдэр болон коксжих нүүрс нэмж шаардагдах бөгөөд Энэтхэг улс коксжих нүүрсний хэрэгцээгээ бараг бүхэлд нь импортоор хангадаг юм.
Дэлхийн хамгийн том коксжих нүүрс үйлдвэрлэгчдийн нэг "BHP" компанийн Борлуулалт, маркетинг хариуцсан захирал Михил Ховерс (Michiel Hovers) мягмар гарагт Сингапурт болсон салбарын бага хурал дээр хэлэхдээ, Энэтхэгийн эрэлт 2050 он гэхэд хоёр дахин өсөх хүлээлттэй байгааг дурдав. Уг уул уурхайн компани Өмнөд Азийн зах зээлийг ирээдүйн өсөлтийн гол зангилаа бүс болно гэж эртнээс үзэж байсан юм.
"Rio Tinto" компанийн Худалдаа хариуцсан захирал Б.Болд мөн тус хурал дээр хэлэхдээ, урьд өмнө нь гангийн хамгийн том хэрэглэгч байсан үл хөдлөх хөрөнгийн салбарын хямрал нь тав дахь жилдээ үргэлжилж буй Хятадын зах зээлийн уналтыг Энэтхэг болон Зүүн Өмнөд Азийн гангийн шинэ эрэлт нөхөх болно гэдгийг тэмдэглэлээ.
Хятадын гангийн үйлдвэрлэл 2025 онд сүүлийн долоон жилийн хамгийн доод цэгтээ хүрч буурсан байна. Энэ нь төмрийн хүдэр олборлогчдын хувьд Хятадын төрийн өмчит худалдан авагч "China Mineral Resources Group" (CMRG)-ийн зүгээс ирж буй сорилтыг улам хүндрүүлж байгаа бөгөөд тус групп нь дотоодын ган үйлдвэрлэгчдэдээ илүү ашигтай нөхцөл бүрдүүлэхийн тулд худалдан авалтыг хориглох зэрэг хатуу тактикуудыг ашиглан хэлэлцээ хийж байгаа юм.
Хятадын гангийн эрэлт дахин буурах хандлагатай байгааг тус хурлын үеэр Хятадын Ган, төмөрлөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Жинкуй Жао (Jinkui Zhao) мэдэгдлээ.
Үүний зэрэгцээ "CMRG" компани энэ онд "BHP" компанийн эсрэг удаан хугацаанд явуулсан шахалтын ажиллагааныхаа дараа, өнгөрсөн сараас эхлэн төмрийн хүдэр олборлогч "Fortescue" компанийн эсрэг чиглэсэн шинэ шахалтын компаниа эхлүүлээд байна.



