Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, 40 сая ам.долларын өртөг бүхий алтан гулдмайнууд нууж байгаад баригдсан ТТГ-ын удирдах албан тушаалтан асан этгээд "хуурамч" нууц тагнуулын хөтөлбөр зохиосон байжээ. АНУ-ын холбооны мөрдөгчдийн үзэж буйгаар тэрээр уг хөтөлбөрийг засгийн газрын хөрөнгийг хувийн ашиг сонирхолдоо зарцуулах суваг болгон ашиглаж байсан гэнэ.
ТТГ-ын ажилтан асан Дэвид Ж. Раш нь өнгөрсөн сард баривчлагдсан бөгөөд ХМТ (FBI)-ын төлөөлөгчид түүний Виржиниа муж дахь гэрээс нуусан байсан ойролцоогоор 40 сая ам.доллароор үнэлэгдэх 303 ширхэг алтан гулдмай, 2 сая орчим ам.долларын бэлэн мөнгө болон олон арван тансаг зэрэглэлийн цагнуудыг олж илрүүлсний дараа түүнийг улсын хөрөнгө завшиж, хулгайлсан хэрэгт буруутган эрүүгийн хэрэгт татжээ. ТТГ-ынхан түүний Тэнгисийн цэргийн бэлтгэл хүчинд алба хааж байсан гэх зэрэг урьд өмнөх цэргийн түүхэнд нь эргэлзэж эхэлсний дараа нэгдсэн шалгалт хийсэн бөгөөд улмаар Холбооны мөрдөх товчоонд (FBI) арга хэмжээ авах удирдамж өгчээ. Тавдугаар сарын 19-нд баривчлагдахаасаа өмнө Раш ТТГ-ын офицероор 17 жил ажилласан гэх мэдээлэл байна.
"The Washington Post" сонин Рашийг мөрдөн байцаах ажиллагааны талаар мэдэгдэхүүн бүхий АНУ-ын албаны хүмүүсээс иш татан мэдээлснээр, Раш нь "тусгай хандалтын хөтөлбөр" (special access program) гэгч хуурамч ажиллагааг зохиож, өөр нэгэн төлөөлөгчийг ятган мөнгө шилжүүлэн авахад ашиглаж байсныг илчилжээ. "The New York Times" сонин ч мөн эдгээр эх сурвалжийг баталсан байна.
Дээрх хоёр хэвлэлийн мэдээлснээр, Раш уг хуурамч ажиллагаандаа ТТГ-ын хоёр хамтран зүтгэгчээ татан оролцуулж, тэдний нэгийг нь уг хөтөлбөр рүү бэлэн мөнгө болон алт шилжүүлэхийг ятгасан гэж буруутгагдаж байна. Тэднийг үүндээ итгүүлэхийн тулд тэрээр энэхүү мөнгийг сүйрлийн шинжтэй цаг агаарын үзэгдэл эсвэл цэргийн халдлага зэрэг гамшигт үйл явдал тохиолдох үед засгийн газрын үйл ажиллагааг тасралтгүй хангахад зориулагдсан хэмээн мэдэгдэж байжээ.
Албаны хүмүүсийн нэг нь "The Post" сонинд "Тэр зүгээр л гэрээ зохиосон байсан" гэж ярьжээ. Гэсэн хэдий ч ТТГ-ын ажилтан асан этгээд агентлаг дахь удирдлагуудыг оролцуулахгүйгээр хэрхэн уг хөтөлбөрийг зохиож, санхүүжилт олж авч чадсан нь тодорхойгүй хэвээр байна.
Түүнийг баривчилсны дараа нийтэд дэлгэсэн шүүхийн баримт бичигт дурдсанаар, Раш нь 2025 оны 11-р сараас 2026 оны 3-р сарын хооронд "ажилтай холбоотой зардал" нэрээр үлэмж хэмжээний гадаад валют болон арван сая ам.доллароор хэмжигдэх алтан гулдмайнуудыг хүлээн авсан байна. ТТГ дотоод хяналт шалгалт хийх үедээ эдгээр хөрөнгийн байршлыг тогтоож чадаагүй гэж уг баримт бичигт дурджээ.
Өнгөрсөн долоо хоногт болсон цагдан хорих хуралдааны дараа АНУ-ын Тойргийн шүүхээс Рашийг хил даван зугтах эрсдэлтэй гэж үзсэн тул шүүх хурал болох хүртэл үргэлжлүүлэн шоронд хорих шийдвэр гаргасан байна.



