Тэд эрэлт, нийлүүлэлтийн таатай нөхцөл байдал нь ирэх саруудад үнийг өндөр түвшинд хадгална гэж таамаглаж байгаа юм.
Зэсийн үнийн өсөлтийг өөдрөгөөр таамаглаж буй олон банк санхүүгийн байгууллагууд болон судалгааны байгууллагууд байна. Тухайлбал, Goldman Sachs банк зэсийн үнийг энэ оны эцэст нэг тонн нь 13,735 ам.долларт хүрнэ гэж үзэж байгаа бөгөөд энэ нь тэдний өмнө нь таамаглаж байсан 12,465 ам.доллароос 10 гаруй хувиар өндөр үзүүлэлт юм.
Харин Citigroup банк илүү өөдрөг үнийн таамаглал дэвшүүлж байгаа бөгөөд зэсийн ханшийг энэ сард багтан нэг тонн нь 14,500 ам.долларт, харин ирэх нэг жилийн хугацаанд 15,000 ам.долларт хүрнэ гэж тооцоолжээ.
Эдгээр таамаглалын дараа HSBC банк илүү ерөнхий дүгнэлт танилцуулсан бөгөөд Хормузын хоолой хаагдсаны улмаас түүхий эдийн зах зээлд “super-squeeze” нүүрлэхэд ойрхон байгааг анхааруулав.
Зэсийн ханш одоогоор Лондонгийн металлын бирж дээр нэг тонн нь 14,000 ам.доллароос ялимгүй доогуур арилжаалагдаж байгаа нь нэгдүгээр сард тогтоосон түүхэн дээд хэмжээнээс ердөө 500 орчим ам.доллароор доогуу байна. Оны эхнээс хойш зэсийн үнэ ийнхүү 10 хувиар өссөн нь алтны өсөлтийг гүйцээд байгаа юм.
Голдман Сакс энэ долоо хоногийн тайландаа таамаглалаа өөрчилсөн шалтгаанаа нийлүүлэлтийн төлөв хүлээгдэж байснаас суларсан болон АНУ-аас гаднах зах зээлийн тэнцвэрт байдал хумигдсантай холбон тайлбарлажээ.
Тус банк Индонезийн Grasberg уурхай болон Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс дахь Kamoa-Kakula цогцолборт үүссэн доголдолуудыг дурдаж, дэлхийн нийлүүлэлтийн таамаглалаа 350,000 тонноор бууруулсан байна.
Үүнээс гадна АНУ-ын импортын хэмжээ хүлээгдэж байснаас өндөр байгаа болон бусад бүс нутаг дахь нөөцийн хэмжээ хомсдож буй нь зэсийн үнэ өндөр байхад нөлөөлж буй хүчин зүйл болохыг тус банкны шинжээчид онцолсон байна.



