Европын төв банкнаас мягмар гарагт гаргасан тайланд дурдсанаар, 2025 оны эцэст дэлхийн төв банкуудын нөөц хөрөнгийн 27%-ийг алт эзэлж байсан нь өмнөх жилийнхээс 20% өссөн үзүүлэлт юм. Харин АНУ-ын Төрийн сангийн үнэт цаасны эзлэх хувь 25%-иос 22% болон буурсан бол еврогоор илэрхийлэгдсэн нөөц тогтвортой буюу 15%-тай үлджээ.
ЕТБ-ны Ерөнхийлөгч Кристин Лагард тус тайландаа "Геополитикийн хурцадмал байдал нь төв банкуудын алтны хүчтэй эрэлтийг өдөөсөөр байна" гэж тэмдэглэжээ.
Энэхүү шилжилт хөдөлгөөн нь дэлхийн нөөцийн голлох валют хэвээр байгаа АНУ-ын доллароос хараат бус байх гэсэн олон улс орнуудын өргөн хүрээний хүчин чармайлтыг харуулж байна. Гэсэн хэдий ч доллароор илэрхийлэгдэх хөрөнгө дэлхийн нийт нөөцийн хамгийн их хувийг буюу 42%-ийг эзэлсэн хэвээр байна. Одоогийн байдлаар улс орнуудын төв банкууд 36,000 гаруй тонн алт эзэмшиж байгаа юм.
Хятад, Польш, Турк, Энэтхэг зэрэг орнуудын тогтвортой худалдан авалт болон ханшийн өсөлтөөс шалтгаалан гадаадын төв банкуудын эзэмшиж буй алтны үнэ 4 их наяд ам.долларт дөхөж байна. Дэлхийн алтны зөвлөлөөс мэдээлснээр, гадаадын байгууллагууд АНУ-ын бондоос илүү их алт эзэмшиж байсан хамгийн сүүлийн тохиолдол 1996 онд байсан бөгөөд ЕТБ нь энэхүү нөөцийн багцын өөрчлөлтийг онцолсон томоохон байгууллага юм.
Мөн уг тайланд еврогийн олон улсын үүрэг оролцоо өсөн нэмэгдэж байгааг онцолжээ. Өнгөрсөн жил еврогоор илэрхийлэгдсэн олон улсын бонд гаргалт 30%-иар өсөж, бараг 1 их наяд еврод хүрсэн байна. Үүний зэрэгцээ гадаадын хөрөнгө оруулагчид евро бүсийн хөрөнгөд цэвэр дүнгээр 850 тэрбум евро нэмж байршуулаад байна.



