Онцлох
Уул уурхайн салбар дэлхийн эдийн засагт нэн чухал үүрэгтэй хэвээр байна.
Др. Янина Эллиотт
2026 оны 9-р сарын 24

Seequent компанийн Уул уурхайн салбар хариуцсан захирал Др. Янина Эллиоттын өнгөрсөн оны буюу 2025 оны 12 дугаар сард бичсэн энэхүү нийтлэлийн агуулгыг та бүхэнд хүргэж байна. Хэдийгээр уг эх нийтлэгдсэнээс хойш 10 орчим сар болж байгаа ч 2026 оны буюу түүнээс хойшхи дэлхийн уул уурхайн салбарын түлхүүр асуудлуудыг хөндөж тавьсанаараа өнөөдөр ч уг нийтлэл үнэ цэнтэй хэвээр байна. Уул уурхайн салбар дэлхийн эдийн засагт нэн чухал үүрэгтэй хэвээр байна.
Хуваалцах:
Уул уурхайн салбар 2026 онтой золгохдоо дэлхийн зах зээлийн өөрчлөлт, технологийн хурдацтай шинэчлэл, шинэ ур чадвар болон авьяаслаг боловсон хүчний яаралтай хэрэгцээ зэрэгт суурилсан шинэ орчинтой нүүр тулж байна. Энэхүү салбарын ирээдүй нь бид хэр уян хатан, шинэлэг байж, ирээдүйгээ хэрхэн зорилготойгоор тодорхойлж чадахаас шууд хамаарна.
Тодорхойгүй байдал нь энэ салбарт шинэ зүйл биш юм. Амстердам хотноо зохион байгуулагдсан Bentley Systems-ийн "Дэд бүтцийн жил" чуулга уулзалтын үеэр би дэлхийн эдийн засагч, Landfall Strategy Group-ийг үндэслэгч захирал Др. Дэвид Скиллингээс өнөөгийн тодорхойгүй байдал нь өмнөх үеүдээс юугаараа ялгаатай байгааг асуусан юм. Түүний үзэж байгаагаар, өнөөгийн цаг үеийг онцгой болгож буй зүйл бол ногоон шилжилт, цахилгаанжуулалтын үйл явц болон эцсийн дүндээ их гүрнүүдийн хоорондын улс төрийн өрсөлдөөнөөс үүдэлтэй өөрчлөлтийн урьд өмнө үзэгдээгүй далайц ба хурд юм.
Үүнийг харгалзан үзвэл 2026 он бидэнд юу авчрах вэ? Ирж буй жил нь шинэ сорилт, боломжуудыг амлаж байгаа бөгөөд салбарынхнаас эдгээр хувьсан өөрчлөгдөж буй динамикт уян хатан, соргог хандахыг шаардаж байна.
1. Чухал ашигт малтмал ба стратегийн нийлүүлэлт: Суперцикл хараахан эхлээгүй байна
Аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгалаар хөтлөгдөн чухал ашигт малтмалын эрэлт хэрэгцээ өссөөр байгаа бөгөөд дэлхий даяар цахилгаанжуулалт, дижитал шилжилтийн замыг тууштай сонгосон ч зах зээлийн төлөв байдал нь эрчим хүчний шилжилтэд суурилсан шинэ суперцикл хараахан эхлээгүй байгааг харуулж байна.
Геополитикийн хуваагдал болон барууны эдийн засгуудын дотоод руу чиглэсэн нийлүүлэлтийн сүлжээний дахин зохион байгуулалт нь хөрөнгө оруулалтын зах зээлд тодорхойгүй байдлыг үүсгэсээр байна. Үүний зэрэгцээ Хятад улсын үйлдвэрлэлийн зах зээл болон чухал ашигт малтмалын дэлхийн нийлүүлэлт дэх давамгайлал нь ихэнх чухал ашигт малтмалын түүхий эдийн үнийг дарах нөлөө үзүүлж байна. Үүний хариуд засгийн газрууд уул уурхайг бие даасан байдлаа хангах стратегийн тэргүүлэх чиглэл гэж үзэж, бодлогын өөрчлөлт, урамшуулал, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хурдасгаж байна.
2026 он болон түүнээс цааш үргэлжлэх магадлалтай энэхүү үйл ажиллагаа нь Өмнөд Америк, Африкийн танигдсан эрдсийн бүсүүдэд боломж олгохоос гадна Саудын Араб зэрэг шинэ бүс нутгуудад хайгуулын зардал 2018 оноос хойш 600 гаруй хувиар өсөхөд хүргэв.
Дэлхийн бусад улс орнууд гүйцэж түрүүлэхээр ажиллаж байгаа ч уул уурхайн салбарт ойрын ирээдүйд ашиг багатай (аюулгүй бүсүүдээс бусад) болон зардал өндөртэй орчинд ажиллах асар их шаардлага тулгарч байна. Олон талт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниуд хувьцаа эзэмшигчдийнхээ хүлээлтийг хангахын тулд одоо байгаа талбайнхаа санхүү болон үйл ажиллагааг оновчтой болгох шаардлагатай болжээ. "Тоо хэмжээнээс илүү үнэ цэн" гэдэг нь салбарын шинэ уриа болов. Хөрөнгө оруулагчид зүгээр нэг өсөлтийн төлөөх өсөлтийг бус, сахилга баттай хөрөнгийн хуваарилалт, тодорхой өгөөжийг хүсэж байна.
Үүнтэй зэрэгцэн босоо тэнхлэгт болон гадаад талуудтай тодорхой харилцаж чаддаг шинэ төрлийн Гүйцэтгэх захирлуудыг (CEO) хайсан удирдлагын халаа сэлгээний давалгаа өрнөж байна. Rio Tinto, Barrick, Teck, Anglo American зэрэг уул уурхайн урт хугацааны түүхтэй компаниуд бүтцийн өөрчлөлт, нэгдэх болон худалдан авах (M&A) чиглэлээр арвин туршлагатай бөгөөд салбарын өнөөгийн нөхцөл байдал нь урт хугацаандаа томоохон тоглогчдын дунд нэгдэл улам үргэлжлэхийг харуулж байна. Тэдний нийтлэг шинж чанар нь эрсдэлийг хүлээж авахаас татгалзаж, танигдсан хуулийн этгээд, бүс нутгуудад суурилсан хэлцэл хийх, мөн дунд түвшний зах зээлийг идэвхтэй өөрчлөх явдал юм.
Салбарынхан шинэ ордыг нээх суурь (generative) хайгуулын хэрэгцээг хүлээн зөвшөөрч байгаа ч органик бус өсөлтөд анхаарлаа хандуулсаар байна. Иймээс ахисан шатны төслүүд болон уурхайн ойролцоох хайгуулын түвшний нэгдэл, худалдан авалтууд голлох үүргийг гүйцэтгэсээр байх болно. Гэсэн хэдий ч урт хугацааны амжилт нь шинэ нөөцийн эрэл хайгуулыг өргөжүүлэхээс хамаарна. Төслүүдийн залгамж халаа нимгэн байгаа бөгөөд 2026 онд ч Канад, Австрали, АНУ зэрэг томоохон бүс нутгуудад суурь (grassroots) хайгуулын төсөв өмнөх жилийнхтэй ижил түвшинд байна. Үүнийг хэлэхийн зэрэгцээ, хөрөнгө мөнгө байгаа газарт алт, мөнгө, зэс, уранд гол анхаарлаа хандуулж байна. Ялангуяа алтны хайгуулчид дэлхийн төв банкууд ам.долларт суурилсан хөрөнгийн оронд гулдмай алт худалдаж авч байгаагаас ашиг хүртэж, алтны үнэ тогтвортой өсөж байна. Үүний үр дүнд үнэт металлын хайгуулын богино хугацааны хөрөнгө оруулалт сайжирсан бөгөөд цаашид ч үргэлжлэх төлөвтэй байна.
Ойрын ирээдүйд геополитикоор тодорхойлогдож буй дэлхийн хөрөнгө оруулалтын өнөөгийн хүлээлтийн байдал 2026 онд ч хэвээр хадгалагдах бөгөөд бага зэрэг эерэг төлөвтэй байгаа хэдий ч дэлхийн үйл ажиллагаа хараахан суперциклийн шинж төрхийг агуулаагүй байна.
2. Технологи нь боломж олгогч – уян хатан байдал, нэгдэл ба нээлттэй платформууд
Зах зээлийн хязгаарлалт болон уул уурхайн гинжин хэлхээний дагуух хөрөнгийн төлөөх ширүүн өрсөлдөөнийг ойлгохын тулд, хайгуулчид болон үйлдвэрлэгчдэд амжилтад хүрэх ямар давуу тал байгаа вэ гэсэн асуулт гарч ирнэ. Өнөөдөр ихэнх удирдагчдын зөвшөөрч буй хариулт бол уул уурхайн салбар орчин үеийн технологийг яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай байна. Технологийн салбар дахь дижитал инноваци нь урьд өмнө байгаагүй хурдаар явагдаж байгаа бөгөөд үүнд нэгдэх нь зөвхөн урт хугацаанд өрсөлдөх чадварыг хадгалаад зогсохгүй дижитал хандлагыг хөрөнгө гэж үздэг шинэ хөрөнгө оруулагчдыг (жишээ нь: Силикон хөндий, автомашины үйлдвэрлэл, газрын тос, хийн салбар гэх мэт) татах боломжийг олгодог.
Өртгийн сүлжээний үе шат бүрт ахисан шатны програм хангамж, үүлэн технологид суурилсан өгөгдлийн менежмент болон хиймэл оюун ухаанд суурилсан автоматжуулалт нь үйл ажиллагаа болон санхүүг оновчтой болгоход нэн чухал юм. Гэхдээ гео-шинжлэх ухаанд чиглэсэн програм хангамж, зөвлөх үйлчилгээний зах зээл дээр байгаа асар олон сонголтоос хэрхэн зөвийг нь сонгох вэ? Энд бүрэлдэж буй чиг хандлага нь технологийг сонгохдоо уян хатан байдал (agility) болон нээлттэй байдал (openness) гэсэн хоёр гол хүчин зүйлийг авч үздэг.
Уян хатан байдал гэдэг нь зөвхөн хурдан үр дүнд хүрэхийг хэлдэггүй, харин бодит цаг хугацаанд шийдвэр гаргахад чиглэсэн уян хатан ажлын урсгалыг хэлнэ. Энэхүү бүтэцлэгдсэн өгөгдөл цуглуулах, тайлбарлах хэлбэр нь хуучин, хөдөлгөөнгүй төлөвлөлтийг халж, бодит цагийн үйл ажиллагааны шийдвэр гаргалтыг дэмжиж байна. Жишээлбэл, орчин үеийн өрөмдлөгийн ажил нь хөдөлгөөнгүй торлог төлөвлөлтөд найдахаа больж, өрмийн хошуу эргэж байх хооронд геологийн шийдвэр гаргах боломжийг олгодог мэдрэгч бүхий өрмийн машин, автоматжуулсан кернийн агуулах, дижитал холболттой лаборатори хүртэлх дижитал нийлүүлэлтийн сүлжээг ашиглаж байна. Сорьцоос шийдвэр гаргах хүртэлх хугацааг хамгийн бага байлгах хэрэгтэй. Доллар бүрийг үр ашигтай зарцуулахын тулд өгөгдөл нь найдвартай, аудит хийх боломжтой, ил тод байх ёстой.
Гэвч үүнийг хэлэх нь хийхээс хялбар юм. Олон байгууллагууд, ялангуяа дунд болон том хэмжээний компаниуд хуучин програм хангамж, өөрсдөдөө зориулж хөгжүүлсэн дотоод програмууд болон ямар ч зогсолтыг зөвшөөрдөггүй хатуу ажлын урсгал зэргээс бүрдсэн хоорондоо зөрчилдөөнтэй нөхцөл байдалд ордог. Энд л нээлттэй байдал чухал үүрэг гүйцэтгэнэ. Системийг бүрэн шинэчлэх шаардлагагүйгээр, одоо байгаа програм хангамж болон ирээдүйн програмуудын хооронд өгөгдөл чөлөөтэй урсах боломжийг олгодог үүлэн (cloud-based) экосистемүүд нь гол түлхүүр юм. Дижитал бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд салбарынхан олон талт ажлын урсгал, түншлэл болон хөрөнгө оруулагчдын хүсэж буй ирээдүйн инновацийг хөтлөх дижитал стандартчилал, нээлттэй байдлыг шаардах хэрэгтэй байна.
3. Шинэ ур чадвар, ирээдүйн авьяастнууд болон олон нийтийн харилцаа (PR)
Технологиор дамжуулан өрсөлдөх чадвартай болох зам тодорхой мэт харагдаж байгаа ч уул уурхайн салбарын "үргэлж бэлэн байх" хатуу сэтгэлгээ болон гео-шинжлэх ухааны салбарт орж буй мэргэжилтнүүдийн тоо цөөрч байгаа энэ үед шинэчлэгдсэн ажлын урсгалыг хэрхэн удирдах вэ гэдэг асуулт байсаар байна.
Ирээдүйн хайгуулчдад урам зориг өгөхийн тулд уул уурхайн салбар нь өөрийн ажлыг тогтвортой хөгжил, эдийн засгийн тэсвэртэй байдал болон ногоон шилжилттэй холбон тайлбарлах ёстой.